Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын дугуйн замын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслийн улмаас гэмтсэн хүний тоо өнгөрсөн онд 2792 болж, өмнөх оныхоос тав дахин нэмэгдсэн. Осол, гэмтлийг буулгахын тулд дугуйн болон скүүтер, мопедод зориулсан зам төлөвлөөд байна. Энэ жил нийт 73.2 км дугуйн зам барина. Сонгинохайрхан дүүрэгт 3.5 км холбоос замыг “Өнөр” хорооллын дундуур тавьж, нэгдсэн дугуйн замын системтэй болгоно. Баянгол дүүрэг III, IV хорооллын эцэс, “Гандан”, Баруун дөрвөн зам, “Нарны хороолол”, “Алтай хотхон”, Гурвалжингийн гүүр холбосон 20.1 км дугуйн зам барина. Харин Чингэлтэй дүүрэгт Баруун дөрвөн зам, “Гэсэр” сүмийг холбосон нийт 4.3 км замыг энэ зуны сард багтааж хийж гүйцэтгэнэ. Сүхбаатар дүүрэгт Зуун айл, Арслантай гүүр, “Натур”, Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Төв шуудан, “Дөлгөөн нуур” гэсэн чиглэлд 14.3 км сүлжээ байгуулах юм. Өөрөөр хэлбэл, Бага, Их тойруугийн байршилд автомашины хэрэглээг багасгаж, явган хүнд тухтай, дугуй болон скүүтер, мопед зорчих зам барина. Хамгийн урт буюу 29.3 км замыг Баянзүрх дүүрэгт тавих юм. Тухайлбал, Сансрын тойрог, “Цайз”, 16 дугаар хороолол, Улаанхуаран, Энхтайваны өргөн чөлөө, “Нарантуул”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Хоум плаза” “Натур”, Арслантай гүүр холбосон дугуйн зам тавина” гэв.
Мөн тэрбээр, “Гарц дээр явган хүний болон скүүтер, мопедтой зорчигчид зориулсан тусгай тэмдэг, тэмдэглэгээг 30-40 м тутамд хийнэ. Түүнчлэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл 980 м гүүрэн байгууламж барихаар төлөвлөсөн. Түүгээр зөвхөн дугуйтай болон явган хүн зорчих боломжтой” хэмээн тодотгов. Ташрамд, одоогийн байдлаар нийслэл 115 км урт дугуйн замтай аж.
Ч.БОЛОР