Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ажилтны эрх зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэж, ажил олгогчид зөвлөмж хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн П.М нь 2022 онд нэгэн ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тархинд нь цус харваж, биеийнх нь нэг хэсэг саажилттай болжээ. Ингэснээр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байна. Энэ явдал нь ажилчдын амрах байранд болсон аж. Гэвч ажил олгогч компани уг тохиолдлыг хуульд заасны дагуу бүртгэж, үйлдвэрлэлийн ослын акт үйлдэх, шалтгааныг тогтоох комисс байгуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд хохирогчтой эргэж холбоо бариагүй гэнэ. ХЭҮК-оос уг үйлдэл нь хууль зөрчсөн гэж дүгнэн, зөрчлийг арилгах зөвлөмжийг тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн аж. Компанийнхан зөвлөмжийн хэрэгжилтийг хангасны зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд иргэн П.М-тай харилцан тохиролцож, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Б.Жаргал