УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд байна. Үндсэн хуульд зааснаар нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах учиртай. Тиймээс завсарлах дөхөөд ачаалал нэмэгдэж, УИХ-ын дарга өдөрт 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа нэг өдрийг танилцуулсан рийл буюу богино бичлэг цацсан юм. Ингэхдээ “Ойрд түгжрэл алга, Их тэнгэрээс Төрийн ордон руу 20 минут л явдаг болж. Түгжрэлтэй үед бол урсгал дагасаар 40-50 минут явдаг” хэмээн яриад олон нийтийн эгдүүцлийг хүргэв. Уг нь тэрбээр ард түмэнтэйгээ ойр, энгийн сайхан дарга гэсэн дүр төрх бүрдүүлэхийг хүссэн бололтой. Гэвч УИХын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төрийн тусгай хамгаалалтад явдаг. Тэд Их тэнгэр дэх гэрээсээ гарахдаа замаа “цэвэрлүүлж”, энгийн иргэдийг зогсоон, хүлээлгэж байгаад явдгийг бүгд мэднэ. Хэт энгийн болох гэж хэлбэрдээд, бурууддаг ийм хандлага манай дарга нарт түгээмэл анзаарагддаг. Амьдралаас хэр зэрэг тасарсных нь илэрхийлэл болдог биз ээ.
“ЭЭЖ ЭЭ, ХҮҮ НЬ ТОМ ДАРГА БОЛСОН”
С.Бямбацогт бол 2008 оноос хойш парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон, Хууль зүй, дотоод хэрэг, Зам, тээвэр, Батлан хамгаалах, Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж үзсэн нэгэн. Харин парламентын спикерийн суудалд анх удаа тухалж буй. Тиймээс ч үүгээрээ ихэд бахархаж байгаа бололтой. Орон нутгийн анхны томилолтоороо Ховд аймагт ажилласан юм. Улс төрчид албан тушаалд очсоныхоо дараа эхний томилолтоо төрсөн нутгаасаа эхэлдэг нь бол гэм биш зан. Харин УИХ-ын дарга маань ээжээрээ онгоцны буудалд хадаг барин тосуулсан нь “тавилттай” байв. УИХ-ын гишүүн, сайд асан хүү нь энэ удаа парламентын спикер болоод эргэн очиж буйгаа харуулахыг хүссэн бололтой. “Ээж ээ, хүү нь том дарга болоод ирлээ” гэсэн мэт л байлаа. Мөн ингэж явахдаа тусгай онгоц хөлөглөсөн гэсэн хардлага гарч байсан юм. Үүнд нь МИАТ компани тайлбар хийж, “УИХ-ын дарга Ховд аймагт ажиллахдаа дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуваарьт нислэгээр зорчсон. Тус нислэг 62 зорчигчтойгоор 06.36 цагт хөөрч, Ховд аймагт 07.35 цагт газардсан, саатаагүй” гэсэн мэдэгдэл гаргасан билээ. Хардлага дагуулж, жүжиг дэглэсэн эхний орон нутгийн томилолт ч ингэсхийгээд дууссан.
Харин нэг өдрийн ажлаа танилцуулсан рийлдээ Их тэнгэр дэх гэрээсээ 08.00 цагт гарч, ямар ч түгжрэлгүй явсаар 08.30 цагт Төрийн ордонд нэвтэрч буйгаа харуулжээ. Мөн бусад ажилтныг цагтаа ирээгүйг нь гайхаж байна. Зургаадугаар сарын 12-ны бичлэг аж. Баасан гарагт чуулганаар 17 асуудал хэлэлцэх хуваарьтай байсан тул УИХын дарга энэ өдөр 21.00 цаг хүртэл ажиллана гэж ярьсан. Бас “Олон жил ачаалалтай ажиллаад сурчихсан л даа” гэж хэлэхээ мартсангүй. Үүний өмнөх өдөр нь чуулган 22.00 цаг хүртэл хуралдсан юм байна. Ажилсаг, хариуцлагатай, ачаалал даадаг хүн гэдгээ үүгээр тодотгохыг хүсжээ. УИХ-ын дарга хэрхэн ажилладгийг иргэддээ танилцуулахад мэдээж буруудахгүй. Ерөнхий сайд болоод л хаалга, цонхоо хааж, хүмүүсээс “нуугдан”, зөвхөн тавилттай, бэлтгэсэн нэвтрүүлэгт орж, зорилтот зүйлээ ярьдаг Л.Оюун-Эрдэнэ шиг хаалттай албан тушаалтан байснаас бол дээр. Гэхдээ дээрх рийл нь ажлаа биш, Их тэнгэрт амьдардаг, Төрийн ордонд тусгай өрөөнд хэрхэн суудаг сэлтээ л харуулсан агуулгатай байв. Тодорхой ажил ярьсангүй, асуудал хөндсөнгүй. 20 жил УИХ-ын гишүүн байж дөрвөн ч өөр салбарыг удирдсан сайд явсан атал албан тушаалын “хор” нь гардаггүй л хүн ажээ. Зарим нь Их тэнгэрт амьдарч, тусгай хангамж эдэлж буйдаа ийнхүү “хөөрч” байхад Х.Баттулга Ерөнхийлөгч болоод арай өөр шийдвэр гаргасан. Тэрбээр Их тэнгэрт суурьшиж, өглөө бүр зам хаан түгжрэл үүсгэхийг хүсэхгүй байна хэмээгээд Нэгдүгээр сургуулийн урд байрлах Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын амьдарч байсан өвлийн ордон буюу “Маршал харш”-ийг сонгож байв. Мөн тэрбээр Яармагт өссөн, ээж нь эдүгээ ч тэндээ амьдарч буй. Тиймээс Төрийн тэргүүн болсныхоо дараа ээждээ очиж, хамтдаа бууз чимхэж суугаа бичлэг нь байдаг. Энгийн, хээгүй улс төрч гэсэн дүр төрх харуулж буй үйлдэл. Мөн ээж нь дассан газар, хүмүүсээсээ холдохыг хүсдэггүй ч биз, өнөөх хашаанд нь том харш барьж өгсөн билээ. Төрийн өндөр албан тушаалд очсон улс төрчид ийнхүү пиараа өөр өөрийнхөөрөө хийдэг байх нь. Пиар дундаа ээжийгээ оролцуулбал уяхан монголчуудад таалагдана гэдэг нэг л “сценари” тэдэнд байдаг аж. Гэхдээ халил нь хэтрээд байдгийг мэддэг нь олон болсон билээ.
ТӨРИЙН АЖЛЫГ РИЙЛЭЭР ИЛЭРХИЙЛЭХГҮЙ
Техникийн хөгжлийг улс төрчид ашигладаг болсоор багагүй хугацаа өнгөрч буй. УИХ-ын даргаас гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХын гишүүд ч ийм хэлбэрийн пиараар мэргэшиж байна. Үнэндээ үүнийг Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа эхлүүлж, бүр “төгсрүүлсэн” гэхэд болно. Тэд хийж байгаа, хийхээр төлөвлөснөө гоё, сайхан дүрс, дуу дэвсээд харуулж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад айлчлалаа ийм байдлаар рийл болгон оруулдаг. Мөн түүний төрсөн өдөр энэ сарын 14-нд тохиосон юм байна. Тиймээс Төрийн тэргүүн пэйжээрээ өөрийнхөө тухай гурван минутын богино бичлэг цацсан байна лээ. Иймэрхүү “уянгын” пиартаа манай Ерөнхийлөгч сайн. Ямартай ч улс төрчдийн рийл, бичлэгүүдийн ихэнх нь УИХ-ын даргын нэг өдрийг танилцуулсан шиг хэлбэр төдий, өөрийгөө дөвийлгөсөн маягтай л байдаг.
Рийлээр ажлаа үнэлдэг, дүгнэдэг, бичлэг бэлддэг нь хуваарьт ажлынх нь нэг хэсэг болч хоод буй. Богино хугацаатай, гоё, чамин видеогоор улс төрчид өөрсдийгөө сурталчлах, ажлаа танилцуулахад төсвөөс “хөөрхөн” зардал урсаж байгаа нь нууц биш. Учир нь төрийн өндөр албан тушаалтнуудын рийл сурталчилгааг хийхийн тулд парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аппаратад бүтэн студи ажилладаг. Зураглаач, сэтгүүлч, эвлүүлэгч гээд орон тоо нэмэгдсэн. Тэдний цалингаас эхлээд төсвөөс зардал гарах нь мэдээж. Гол нь рийлээр дамжуулж бодит байдлыг үзүүлэх биш, тухайн албан тушаалтныг сурталчлах пиарыг л хийж буй. Чамин, гэгээлэг бичлэгүүд цацлаа гээд төрийн ажил сайжирсангүй, иргэдийн амьдрал дээшилсэнгүй. Учир нь энэ бол тухайн улс төрчдийн л сурталчилгаа, бодит байдлаас алсарсан бичлэг.
Тэгвэл тэдний амьдралаас тасарсан, үгүйг УИХ-ын гишүүдээс талх, сүүний үнэ асууж, мэдэх, үгүйгээр нь үнэлэх утгагүй. Харин аливаа шийдвэрийг иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ санал бодлыг асууж судалгаа, тооцоотой хийж, төлөвлөж байж гаргадаг уу гэдгээр дүгнэж болно. Гэвч энэ шалгуурыг олонх нь давдаггүй. Х.Нямбаатар гэдэг хүн хотын даргын суудлаас арай гэж “ховхров”. Гурван жил орчим тэр биднийг “чангалсан” нь бодит амьдралыг мэдэхгүй, ойлгохыг хүсдэггүйтэй нь холбоотой байсан. Нийтийн тээврийн чиглэлийг нэг өглөө босоод ирэхэд өөрчилчихдөг, хаанаас, яаж суухаа ч мэдэхгүй хүмүүс төөрөлдөж, бухимддаг байв. Бүр зарим чиглэлд огт автобус явуулахгүй болгочихсон, хааш хаашаа 3-4 км алхаж, хэдэн өдөр өнгөрүүлсэн юм даг. Автомашины татвар, зам ашигласны төлбөрийг шууд л 3-5 дахин нэмчихсэн. Иргэдээсээ асуусан ч үгүй, яагаад нэмснээ тайлбарласангүй. Бас эл нэмэгдлийг хоёр жил орчим авчхаад ямар өөрчлөлт, ахиц гаргаснаа тайлагнаагүй. Түүний цээжээрээ хамгаалж, Засгийн газартайгаа сөргөөцөлдөхөд хүргэсэн “Туулын хурдны зам” төсөл бол иргэдээ сонсдоггүй, амьдралаас хэрхэн тасарч, “вакумжсан”-ы тод жишээ. Нийслэлчүүд нь эсэргүүцээд, байгаль орчны үнэлгээ дутуу, түгжрэлд нэмэргүй, шаардлагагүй гэж мэргэжилтнүүд хэлээд байхад л огт сонсохгүй зүтгэсэн. Одоо шинэ хотын дарга нь нэг л их поп зүйл ярьсан, өмнөхийнхөө алдааг засах биш, үргэлжлүүлэх төлөвтэй хүн байна.
Засгийн газар байгуулагдаад хоёр сар гаруй болж буй ч сөрөг хүчний зүгээс огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнд Ерөнхий сайд ууртай яваа. Түүний танхимынхан ажлаа сайн хийж чадахгүй буйн нэг бодит жишээ бол махны үнийн хөөрөгдөл. Засгийн газраас үхрийн нөөцийн мах кг-ийг нь 15, хониныхыг 13 мянгаар нийлүүлж, хөөрөгдлийг зогсооно гэсэн. Гэвч хэдэн өдөр нөөцийн махны сураг гараад дууссан, махны үнэ буугаад шальсангүй. Энэ талаар АН-ын гишүүн Л.Гантөмөр “Мах нөөцөлдөг системийг задлах боломж манайд бүрдээгүй. Тиймээс өвөл идэш авдагтай адилхан айл бүр хаврын махаа ч бэлдэх хэрэгтэй. Өвөл зуд болдог учраас хавар нөөцийн мах бэлтгэх боломжгүй. Ийм байхад Эдийн засгийн хөгжлийн сайд нь худлаа ярина, араас нь Ерөнхий сайд гарч ирж популизм хийдэг. Зах, худалдааны төвд мах ямар үнэтэйг тэд мэдэхгүй байна. Амьдралаас тасарсан, ажил хийдэггүй ийм дарга нар бол Монголын зовлон болсон” гэжээ.
Судалгаа, тооцоогүй, иргэдээ сонсохгүй, бараг сэтгэл хөдлөлөөр гаргадаг хийсвэр олон шийдвэрээ улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд өнгөлөг, гялгар рийлээр халхалдаг нь үзэгдэл болжээ. Гэхдээ үүний зорилгыг иргэд одоо ойлгодог болсон. Тиймээс арай бодитоор, үр дүнтэй ажиллавал яасан юм бэ, төрийн өндөр албан тушаалтнууд аа.