Манай улсын аялалд жуулчлалд голлох байр суурь эзэлдэг солонгос жуулчдын урсгал татарч, тухайн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаг тур операторуудын захиалга эрс буурсан талаар салбарын бизнес эрхлэгчид төдийгүй судлаач, мэргэжилтнүүд ярих боллоо. Тэгвэл энэ зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн “BBM tour” компанийн захирал Ц.Батхуягтай аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. Түүнийг салбарынх нь хүмүүс Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо (МОКТА)-г үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан гэдгээр нь сайн мэднэ.
-Монголын аялал жуулчлалын оргил үе буюу хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улирал хаяанд иржээ. Энэ салбарт “цаг агаар” ямархуу байна вэ?
-Манай улсын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа. Энэ үүднээсээ 2026 оны жуулчны улирлыг нэлээд өндөр хүлээлттэй эхлүүллээ. Голлох зах зээлээр нь авч үзвэл одоогийн байдлаар хятад, орос жуулчдын тоо хамгийн өндөр өсөлттэй, европчуудынх дундаж түвшинд, солонгосчуудынх бага зэрэг буурсан байна.
-Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны цахим хуудсанд мэдээлснээр 2026 он гарснаас хойш манай улсад 340 мянга гаруй жуулчин иржээ. Энэ тооны цаана ямар өөрчлөлт, хөдөлгөөн, зүй тогтол ажиглагдаж буй талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийт жуулчдын 60 гаруй хувь буюу 230-аад мянгыг нь хятад, оросууд эзэлж байна. Харин солонгос жуулчид эдгээрийн аль алинаас нь 2-3 дахин цөөн буюу 40 гаруй мянга буй. Өмнөд, хойд хөршийн жуулчны тоон үзүүлэлтэд манай салбарынхан шүүмжлэлтэй ханддаг. Зарим нь бодитой биш гэж үздэг. ОХУ-ын хувьд гэхэд Монголтой олон газраар хиллэдэг учир тухайн бүс нутгийн иргэд нь худалдаа наймаа хийх зорилгоор боомтуудаар байнга орж, гарч байдаг. Хятадууд манай улсын уул уурхай, зам, дэд бүтэц, барилгын салбарт ажиллах хүч болж жилийн жилд олноороо ирдэг онцлогтой. Үүнээс үүдээд тэднийг жуулчин гэж үзэх үү, үгүй юү гэдэг асуудал хөндөгддөг. Нөгөөтээгүүр, хилийн дээсээр алхсан ямар ч хүн тухайн улсдаа их, бага хэмжээний орлого төвлөрүүлж байдаг учир жуулчин биш гэж шууд үгүйсгэхэд учир дутагдалтай. Тэгэхээр зохих байгууллагууд нь энэ маргаантай асуудлыг нэг тийш болгож, тоон үзүүлэлтүүдээ нягтлах хэрэгтэй санагддаг. Агаарын болон газрын боомтоор нэвтэрсэн гадаадын бүх иргэнийг жуулчин гэж үзсээр байх уу, эсвэл зорилго чиглэлээр нь нарийвчлан ангилж, илүү бодитой тоо гаргах уу гэдэг асуултад хариулт хэрэгтэй.
-Тэгвэл аль улсын иргэнийг жинхэнэ жуулчин гэж үзэх юм бэ?
-Европын болон Зүүн Өмнөд Азийн орнууд, Япон, Солонгосоос Монголд ирж байгаа иргэдийг жуулчин гэж үзэхэд хамгийн бодитой.
ТУР ОПЕРАТОР КОМПАНИУДЫН ЗАХИАЛГА 30 ОРЧИМ ХУВИАР БУУРСАН
-Монголыг зорих солонгос жуулчны тоо хэдэн хувиар буураад байна вэ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу бол?
-“Нетфликс”-ээс өнгөрсөн жил цацсан “Physical Asia” шоу нэвтрүүлэг Монгол орон болон монголчуудыг БНСУ-д төдийгүй олон улсад эергээр сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Нэвтрүүлэг дууссаны дараа хийсэн цуврал контентууд ч үзэгчдэд маш сайн хүрсэн. Тиймээс бид солонгос жуулчдын тоо энэ жил 2025 оныхоос давна, наанадаж л 180 мянгаас буухгүй гэсэн хүлээлттэй байсан юм. Гэвч бодит байдал дээр хэд хэдэн шалтгааны улмаас Өмнөд Солонгосоос ирэх жуулчны тоо буураад байна. Нэгдүгээрх нь, вонын ханшийн уналт. 2025 оны зургаадугаар сард нэг ам.долларын ханш 1350 вонтой тэнцэж байсан бол одоо 1550-д хүрсэн. Ам.долларын ханш Солонгосын үндэсний мөнгөн тэмдэгтийн эсрэг тасралтгүй чангарсаар ийм болчихлоо. Гэтэл манай тур оператор компаниуд ам.долларт суурилсан ханшаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэдэнд санал болгодог онцлогтой. Төгрөгийн ханш савлагаатай, инфляц байнга өсөж байдаг учраас тогтвортой, алдагдал багатайг нь бодолцон аяллаа ам.доллароор худалддаг юм. Тэгэхээр вонын ханшийн уналтаас шалтгаалаад манай улсын аяллын үнэ ч нэмэгдсэн гэсэн үг. Хоёрдугаарх нь, нислэгийн тийзийн үнэ. Ойрх Дорнодын дайнаас улбаатайгаар түлш, шатахууны үнэ хаа сайгүй нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад хямд зардалтай жижиг авиа компаниуд нислэгээ цуцалж, томууд нь тийзийн үнээ нэмсэн. Ингээд солонгосчууд Монгол руу нисэхийн тулд өндөр үнээр тийз худалдаж авахаас өөр сонголтгүй боллоо. Уг нь хэдэн жилийн өмнөхөн гэхэд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зөвхөн МИАТ, “Korean air” (KAL) хоёр л зорчдог байсан бол саяхныг хүртэл “Jeju air”, “Asiana airlines”, “T’way”, “Air Busan”, МИАТ, “Аэро Монголиа”, “Хүннү эйр” гээд Монгол, Солонгосын 10-аад компани тогтмол нислэг үйлдэж байсан юм.
-Тэгвэл солонгосчууд голдуу хаашаа, ямар маршрутаар аялж байна вэ?
-Солонгосын иргэд Тайланд, Хятад, Япон руу түлхүү аялж байна. Хятадыг зорих солонгосчуудын тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 24 хувиар өссөн. Өмнөд хөршид аялж байгаа солонгосчуудын аяллын гол маршрутад Өвөрмонгол багтсаар байна. Өвөрмонголчуудын санал болгодог аялал манайхтай ижил төстэй боловч үнэ өртгийн хувьд илүү хямд, баялаг сонголттой. Дээрээс нь бодлогын дэмжлэг өндөр. Өвөрмонгол манайхтай өрсөлдөгч гол зах зээлүүдийн нэг болчихлоо.
БНСУ-аас жилд дунджаар 30 сая хүн гадаадын орнууд руу аялдаг гэсэн статистик бий. Харин 2026 оны 1-4 дүгээр сард 10 сая хүн аялжээ. Энэ хүмүүсийн олонх нь нэг бүс нутгийн, нислэгийн тийз хямдтай дээрх улсууд руу зорчсон байна.
6-8 сард төлөвлөж баталгаажуулсан аяллуудаас харахад солонгосчууд амралтын өдрүүдээр ч юм уу, тодорхой нэг зурвас үеүдэд Монголд олноороо жуулчлаад, бусад үед цөөн тоогоор ирэх дүр зураг ажиглагдаж байгаа. Дундажлаад тооцвол БНСУ-ын зах зээлээс жуулчин хүлээж авдаг манай улсын тур оператор компаниудын захиалга 30 орчим хувиар буурчхаад байна. Вонын ханшийн уналт, түлш, шатахуун, тийзийн үнийн өсөлт зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалсан асуудлууд тогтворжчихвол Монголыг зорих солонгосчуудын урсгал ирэх саруудад тодорхой түвшинд нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
-Үйлчилгээний чанар, хүртээмж, жуулчдад өгч буй сэтгэл ханамж, тав тух зэрэгтэй харьцуулахад Монголд бүх зүйл маш үнэтэй гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Уг нь бид гадаадаас жуулчин хүлээж авах гэж байгаа бол 2026 оны аяллын гэрээгээ 2025 ондоо байгуулаад, бүх зүйлээ эртнээс төлөвлөн, жин тан болгох ёстой шүү дээ. Гэтэл зочид буудал, жуулчны бааз, үзвэр, үйлчилгээний газрууд гэрээгээ давхар хийдэг, үнэ тарифаа дур зоргоороо нэмдэг зэрэг олон бэрхшээлээс үүдэн тур операторууд үргэлж алдагдал хүлээж, жуулчдын өмнө буруутан болдог. Жишээлбэл, энэ хавар гэхэд жуулчны баазууд дахь гэр буудлын ханш нэг хүнийх нь 20-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Зочид буудлууд ч үнээ нэмсэн. Хоёр ортой өрөөний хоногийн үнэ 100-150 мянган төгрөгөөр өсөөд байна. Хоолны ханш дунджаар 5000 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөг үзэх тасалбарын үнэ 20-30 мянган төгрөг болж өссөн байх жишээтэй. Үүн дээр тусгай хамгаалалттай газрын хураамж бас нэрмээс болж байна.
Зургаан жуулчин дагуулаад Говийн бүс болон Тэрэлжээр аялахад зөвхөн тусгай хамгаалалттай газрын хураамжид 400 орчим мянган төгрөг төлдөг. Хамгийн хачирхалтай нь, жуулчид Ёлын аманд очихдоо 11 мянган төгрөг хураалгачхаад Хонгорын элс рүү нэвтрэхийн тулд мөн ийм хэмжээний хураамж төлөх болдог. Уг нь Ёлын ам, Хонгорын элс аль аль нь Говь гурвансайханы байгалийн цогцолборт газарт харьяалагддаг шүү дээ. Гэтэл хоёулаа тусдаа пост ажиллуулж, жуулчдаас давхар хураамж авдаг. Ёлын аманд нэвтрэх хураамж төлснөөс хойш 24 цагийн дотор Хонгорын элсэнд амжиж очвол дахиж төлбөр төлөх шаардлагагүй гэдэг. Ёлын амнаас Хонгорын элс рүү хойгуураа шороон замаар явбал 200, урдуураа бол 140-өөд км. Бид жуулчдадаа өдөрт нэг газар үзүүлж, аль болох тухтай аялуулахыг л бодно. Мэдээж энэ нь тур оператортоо ч, манай эдийн засагт ч ашигтай шүү дээ. Гэтэл тусгай хамгаалалттай газарт үйлчилж байгаа хураамжийн бодлого үүний эсрэг байдаг.
Ядаж нэг аймаг, нэг цогцолборт газарт харьяалагдах газруудаар явж байгаа жуулчдадаа тодорхой хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх хэрэгтэй санагддаг юм. Бодит байдал дээр тэгдэггүй. Үнэ ханшаа нэмээд, давхар авахыг л бодно. Улаанбаатараас баруун тийшээ жуулчидтай аялалд гарахад Элсэн тасархай, Орхоны хөндийгөөс эхлээд очсон газар бүрдээ хураамж төлдөг. Манай улс Япон шиг үйлчилгээний чанараараа гоцгойрч чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл ядаж жуулчдаа чадахаараа урамшуулж дэмждэг байя л даа. Тэдэнд зориулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлье л дээ. Дан ганц солонгос гэлтгүй ер нь бид жуулчдыг хэрхэн татах юм бэ гэдэг бодлогоо эргэн харж, урамшууллын тодорхой механизм бий болгох хэрэгтэй.
-Жуулчны бааз, амралтын газар, зочид буудлаас эхлээд ресторанууд хүртэл бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмсэн гэлээ. Харин тур операторууд ямар үнээр үйлчилгээ үзүүлж байгаа бол?
-Тур оператор компаниуд үйлчилгээний үнээ ер нэмээгүй. Харин ч Монголыг зориод ирсэн жуулчдыг бага зардлаар хэрхэн сэтгэл хангалуун аялуулж, дахин эх орондоо авчрах вэ гэдэгт анхаардаг. Бид япончууд шиг үйлчилгээний чанараараа ялгарч, хятадууд шиг хямд үнээр өрсөлдөж чадахгүй ч өөрсдийн боломжит нөөцөө ашиглах ёстой. Хамгийн ойр байгаагаар нь Хятадыг авч үзье л дээ. Өмнөд хөрш хямд нислэг, визийн уян хатан бодлогоор жуулчдыг татаж байна. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд тур оператор компаниудаа маш сайн дэмждэг. Компаниуд нь жуулчлалаас айхавтар их ашиг олохгүй ч төрөөс ямар нэгэн хэлбэрээр дэмжлэг хүртэж байдаг. Манайд бол бодитой дэмжлэг байхгүй. Төрөөс олгодог зээлүүдийг нь хүртэл том компаниуд нь авчихдаг.
СОЛОНГОС ЖУУЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖ, ЗАН ТӨЛӨВИЙН ОНЦЛОГИЙГ ТОДОРХОЙЛНО
-Монгол Улс цар тахлаас хойш БНСУын жуулчдыг татах чиглэлээр идэвхтэй ажиллаж, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүн ч гарсан. Одоо манайд тус улсаас жуулчин хүлээж авдаг хэчнээн компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн “Welcome to Mongolia” арга хэмжээ жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Ялангуяа солонгос жуулчдыг визийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэр үр өгөөжөө өгсөн гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Визгүй болгоно гэдэг нь жуулчдыг дааж давшгүй хүнд зүйлээс чөлөөлж байгаа хэрэг биш. Харин “Манай оронд аялаач ээ” хэмээн хүндэтгэлтэйгээр урьж буй явдал юм. Одоогоор манай улсад Солонгосын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 70-80 компани бий. Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооны гишүүнчлэлтэй 60 гаруй компани байдаг. Үүнээс гадна бүртгэлгүй үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ч бий.
Солонгос жуулчдын өсөлтийг дагаад телевизийн болон сошиал контент ч сүүлийн жилүүдэд “бүүм” болсон. “Хүргэлт ирлээ”, “Би ганцаараа амьдардаг” (На Хонжа Санда), “Physical Asia” зэрэг шоу нэвтрүүлгүүд, Монгол дахь кино зураг авалтууд гээд дурдвал жуулчдын өсөлтөд бодитой нөлөөлөхүйц маркетинг болсон зүйл цөөнгүй.
-Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооноос солонгос жуулчдын зан төлөв, сэтгэл ханамжийн судалгаа хийж буй гэсэн. Энэ судалгааны зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч болох уу?
-Аялал жуулчлалын уриа үг тодорхойлоход тэрбум тэрбумыг зарцуулах нь чухал уу, эсвэл салбарын тулгамдсан асуудал болсон ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь үнэ цэнтэй юү гэдгийг бодитойгоор үнэлж дүгнэхэд чиг баримжаа болохуйц судалгаа бидэнд хэрэгтэй байна. Харамсалтай нь, манайд цар тахлаас хойш энэ чиглэлээр өргөн хүрээнд хийсэн судалгаа алга.
Аялал жуулчлалыг олон улсад сурталчлах нэрийдлээр үргүй зардал маш их гаргадаг. АНУын “Бостон консалтинг”, Английн хөлбөмбөгийн “Фуллхэм” багт өч төчнөөн төгрөгийн өртэй л гэнэ. Тэгвэл гадаад маркетинг сурталчилгаанд зарцуулж байгаа энэ их мөнгийг Монголдоо үлдээх, илүү цэн цэнтэй зүйлд хөрөнгө оруулах бодлогыг яаж тодорхойлох вэ. Оновчтой бодлого боловсруулахад үндэслэл хэрэгтэй. Үндэслэлийг судалгаагаар л гаргаж ирнэ. Энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс хамтарсан ажлын хэсэг гарган ийм судалгааг эхлүүлээд байна. Энэ санаачилгыг гаргасан хүмүүсийн нэг нь би. Одоо ч ажлын хэсэгт нь байгаа.
Манай улсад аялдаг солонгос жуулчдын 80 орчим хувь нь тур оператор компаниар дамжиж ирдэг. Тиймээс тур операторуудаар дамжуулаад жуулчдаас судалгаа авч байна. Одоогоор 50-иад компани нэгдээд буй. Цаашид тоо нь нэмэгдсээр 70 хүрэх шинжтэй.
-Тухайлсан нэг зах зээлийг сонгон авч, жишээлбэл, зөвхөн солонгос жуулчдыг хамруулан хийсэн судалгаа Монголд бий юү?
-Миний судалж мэдсэнээр лав байхгүй. Энэ судалгааны үр дүнд бид солонгос жуулчдын талаар илүү бодитой ойлголт, мэдээлэлтэй болно. Судалгаа таван сэдэв бүхий 30-аад асуулттай. Жуулчны нас, хүйс, орлого, амьдардаг газар зэрэг ерөнхий мэдээллээс эхлээд аяллын маршрут, зардал, сэтгэл ханамж, үйлчилгээний чанар гээд хамгийн чухал зүйлсийг тодорхойлох асуултуудыг үүнд багтаасан.
-Судалгааг хэдий хугацаанд хэр олон хүнийг хамруулж хийх вэ?
-Тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд дунджаар 2000-2500 жуулчныг хамруулан судалгаа хийнэ. Үндсэндээ солонгос жуулчдын хамгийн идэвхтэй аялдаг үеийг сонгосон гэсэн үг. Урт хугацаа зарцуулж байгаа шалтгаан нь нэгдүгээрт, олон жуулчин хамруулах зорилготой. Хоёрдугаарт, цаг улирлын онцлогоос шалтгаалаад тухайн үеүдэд ямар өөрчлөлт гардаг, жуулчдад юу илүү таалагддаг, эсрэгээрээ ямар бэрхшээл тулгамддаг вэ гэдгийг сар сараар нь гаргаж ирэхийг зорьж байна. Дараа нь үүнийгээ эмхтгэл, тайлан хэлбэрээр холбогдох яам, газруудад хүргүүлнэ. Жил болгоны арваннэгдүгээр сарын сүүлчээр болдог аялал жуулчлалын эрдэм шинжилгээний хурлын үеэр судалгааны гол үр дүнгүүдийг салбарынхандаа танилцуулах төлөвлөгөөтэй.
-Салбарын яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудын зүгээс энэ судалгаанд ямар нэгэн байдлаар оролцож, дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа юу?
-Төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй. Тур оператор компаниудын оролцоо, дэмжлэгээр л хийж байна. Төр судалгаа хийхдээ нүсэр төсөв, бүтэц хуваарилдаг шүү дээ. Бид үүнийг хамтран хийснээрээ оновчтой бодлого, шийдвэр гаргахад нэмэртэй үндэслэлүүдийг холбогдох төрийн байгууллагынханд гаргаж өгч байгаа хэрэг. Нэг ёсондоо үлгэрлэл үзүүлж байна.
МОНГОЛД ХАМГИЙН БОДИТОЙ ОРЛОГО ОРУУЛДАГ НЬ СОЛОНГОС ЖУУЛЧИД
-Европ жуулчид аялалд багагүй мөнгө зарцуулдаг тул Монгол Улсын хувьд хамгийн үнэ цэнтэйд тооцогддог. Эсрэгээрээ солонгосчууд аялалд хамгийн бага мөнгө зарцуулдаг, эх оронч худалдан авалт хийж, үндэсний компаниудаа дэмждэг гэж ярьдаг шүү дээ. Үүнтэй холбоотой судалгааны үр дүнгүүд ч байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-2026 он гарснаас хойш Европоос Монголд ойролцоогоор 15 мянган гаруй жуулчин ирээд байна. Харин Өмнөд Солонгосоос ирсэн нь 40 мянга гаруй. Хэдий тийзийн үнэ нь хол зөрүүтэй боловч нэг европ жуулчин 10 солонгос хүний зардлаар ирэхгүй нь тодорхой. Энэ чиглэлээр судалгаа хийхдээ ихэвчлэн нэгж жуулчны аялалд зарцуулж байгаа төсвийг нь харьцуулаад тооцчихдог. Массаар нь буюу нийт жуулчны үзүүлэлтээр бодвол үүнээс өөр үр дүн гарна.
Хамгийн энгийн жишээ авъя л даа. ИнчонУлаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ хамгийн хямддаа 1.4-1.7 сая төгрөг байдаг. Гэтэл Станбул, Франкфуртаар дамжин Улаанбаатарт ирэх нислэгийн үнэ дунджаар 2.5-3 сая төгрөг шүү дээ. Европчууд аялалд дунджаар 10-14 хоног зарцуулдаг бол солонгосчуудынх тав хоног байдаг. Энэ мэтчилэн газар зүйн байршлын онцлог зэргээс шалтгаалсан хүчин зүйлс аяллын хугацаа, үнэ ханшид нөлөөлдөг. Тэгэхээр нэгж жуулчны зардлыг харьцуулах байдлаар үнэлж дүгнэх нь өрөөсгөл. Харьцангуй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Европ, солонгос жуулчид Монголд байх хугацаандаа яг л ижил газруудаар явдаг, адил үйлчилгээ авдаг.
“Говь” компанийн 2025 оны борлуулалтын мэдээллийг хараарай. Нийт худалдан авалтынх нь 90 орчим хувийг солонгосчууд бүрдүүлж байгаа. Жуулчдын хамгийн их худалдан авдаг зүйл нь кашмер болон сувинер. Харин энэ хоёрт хамгийн их мөнгө зарцуулдаг нь солонгос жуулчид. Европчууд барагтаа “юм” авдаггүй. Бидний хийж байгаа судалгааны үр дүнд энэ бүхэн илүү тодорхой болно.
-Солонгосчууд манай улсад аялах явцдаа хулгайд эд зүйлээ алдах зэргээр хохирох нь их. Аяллын гол маршрутуудад хулгайчид “үүрлэсэн” байдаг гэх юм.
-Үнэн. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Арьяабалын хийд, Мэлхий хадаас эхлээд нийслэлийн төв талбай, Улсын их дэлгүүр, Зайсан толгой, Гандантэгчэнлин хийд зэрэг аяллын гол маршрутууд, үзвэр, үйлчилгээний газруудад энэ төрлийн гэмт хэрэг их гардаг. Халаасны хулгайчид жуулчны баазуудад аялагчидтай хамт амарч байгаад л эд зүйлсийг нь авчихдаг. Хамт музей үзэж, зураг авхуулж байгаад хормын төдийд “амжуулчихна”. Хулгай их гардаг бүсүүдэд цагдаагийн байгууллагууд ажлаа дорвитой хийдэггүй, гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэггүй. Хөтөч нар хэл ам хийхээр л ганц хоёр удаа ажиллагаа зохион байгуулсан болоод л орхичихдог. Жуулчид ч аяллын хугацаандаа баригдаад, бусдад төвөг чирэгдэл учруулахгүй гэсэндээ цагдаагийн байгууллагад тэр бүр ханддаггүй.
Монгол дахь Солонгосын ЭСЯ-наас энэ сарын 6-нд гаргасан сэрэмжлүүлэгт манай улсад хулгай гардаг гол байршил, маршрутуудыг мэдээлсэн. Үүгээр “Монгол Улсад хулгай их гардаг, цагдаа нар нь гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж чаддаггүй шүү” гэдгийг иргэддээ анхааруулсан. Жуулчдыг татъя гэвэл манай улсын холбогдох байгууллагынхан халаасны хулгайчидтай тууштай тэмцэх ёстой. Тур оператор компаниуд, хөтөч, тайлбарлагчдын асуудал мэтээр үл хайхарч, хариуцлагагүй хандаж болохгүй. Жуулчин эд зүйлээ хулгайд алдсан ч, хоолны хордлогод орсон ч, хөдөө хээр явахдаа бэртэж гэмтсэн ч, цаашлаад очсон баазынх нь халуун ус тасарсан тохиолдолд ч тур оператор компанийнхантай хариуцлага яригддаг. Тур операторуудын үүрэх ачаа багадаагүй.