Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж буй. Мөн иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн номын санд “Сонгогчийн булан” тохижуулж эхэлсэн байна. Энэ сарын 21-нд нийт 42 сумд нөхөн сонгууль болно. Эдгээр сумын номын санд эхний ээлжид дээрх булан нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэлсэн байна. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын номын санд өдөрлөг зохион байгуулжээ.
СЕХ-ноос сонгогчдын боловсролыг сайжруулах зорилгоор Үндэсний номын сантай хамтран сургагч багш бэлтгэсэн байна. Цаашид Монгол Улсын бүх сумын номын санд “Сонгогчийн булан” тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн, сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж буй гэнэ.