Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Пулитцерийн шагнал гардуулах ёслолыг АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулдаг бөгөөд энэ оны хувьд өнгөрсөн сарын 5-нд тохиов. 1903 онд Америкийн хэвлэлийн магнат Жозеф Пулитцер (1847-1911) санаачилж, Колумбын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохион байгуулдаг эл үйл ажиллагаа нь сэтгүүл зүй, уран зохиол, хөгжмийн салбарын ололт амжилтыг үнэлдэг том арга хэмжээ. Пулитцерийг төрөл бүрд олон арван ангиллаар олгодог. Тодруулбал, сэтгүүл зүйн хувьд эрэн сурвалжлах сурвалжилга, мэдээний гэрэл зураг зэрэг 14 ангилалтай бөгөөд сонин, сэтгүүл, онлайн хэвлэлд олгодог. Уран зохиолын төрөлд зургаан ангиллаар бүтээл хүлээн авдаг бол хөгжим болон театрын салбарт нэр дэвшигчид жүжиг, мюзикл, хөгжмийн бүтээлүүдээ сойдог. Эдгээрээс хамгийн алдартай, дэлхий нийтээр хүлээж харуулддаг төрөл нь сэтгүүл зүйнх, тэр дундаа эрэн сурвалжилсан сурвалжилга, нийтлэл, гэрэл зургийн бүтээлүүд. Учир нь энэ бол олон улсын түвшинд хүний эрхийг тунхаглан зарлаж, таниулдаг нэг ёсондоо харанга гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.
Энэ жил шагнал хүртсэн олонх сэтгүүлчийн бүтээлд Д.Трампын бодлогыг шүүмжилжээ. Жишээ нь “Вашингтон пост” сонин Трампын засаг захиргааны шинэчлэл болон холбооны агентлагуудын нөлөөллийн талаарх эрэн сурвалжлах бүтээл тэргүүн шагнал хүртсэн бол “Нью-Йорк таймс” Трампын ойрын хүрээллийнхний санхүүгийн холбоог илчилсэн цуврал нийтлэлээрээ мөн оргилд хүрэв. “Ройтерс” энэ жил хоёр төрөлд шалгарчээ. “Meta”-г сурвалжилсан болон АНУ-д Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх талаарх нийтлэл, сурвалжилга нь шилдгээр тодров. Олон нийтийн хяналтын тогтолцооны талаарх дэлхийн хэмжээний сурвалжилгаараа “Associated рress”, Калифорнийн түймрийн дараах даатгалын компаниудын талаарх цувралаараа “San Francisco Chronicle” нэр хүндтэй шагналын эзэн боллоо. 2026 онд сэтгүүл зүйн төрлийн гэрэл зургийн ангилалд уламжлал ёсоор хоёр бүтээл шалгаруулав. Шуурхай мэдээний ангиллын ялагчаар “Нью-Йорк таймс”-ын чөлөөт гэрэл зураг чин Сахер Алгорра тодорсон. Тэрбээр Израилтай хийсэн дайны үеэр Газын зурваст болсон сүйрэл, хүмүүнлэгийн хямрал, өлсгөлөнг баримтжуулсан бол онцлох гэрэл зургийн ангиллын шилдэг нь “Вашингтон пост”-ын Жахи Чиквендиу болов. Анхны хүүхэд нь хорвоод мэндлэх үед хорт хавдраар нас барж буй залуу аав, тэдний гэр бүлийн баярт хийгээд уйтай мөчүүдийг тэрбээр буулгажээ.
Түүхээс товч дурдвал 1903 онд байгуулсан “Пулитцер” сангийн үйл ажиллагааны дүрмийн дагуу анх “Пулитцерийн романы шагнал” хэмээн нэрлэж байгаад 1947 онд нэрийг нь өөрчилжээ. Шагналын хувьд шилдэг бүтээлд 10 000 ам.доллар олгодог байсан бөгөөд анхны ялагч нь Америкийн сэтгүүлч Херберт Своп. 2017 оноос үүнийг өсгөж 15 000 ам.доллар болгосон аж. Жил бүр тухайн оны шилдэг материалуудын жагсаалтыг нийтэлдэг бөгөөд Пулитцерийн шагналт сэтгүүлчдийн бү тээл нь өндөр түвшинд эрэн сурвалжилж, асуудлыг гогдож гаргадгаараа алдартай. Энэхүү хүндтэй шагналын түүхэнд онцгой алдаршсан бүтээл олон. Жишээ нь аналитик буюу шинжилгээ дүгнэлттэй сурвалжилга (еxplanatory reporting) ангилалд “Нью-Йорк таймс”-ын сэтгүүлч Дэвид Барстоу санхүүгийн болон татварын нарийн төвөгтэй луйврыг илрүүлснийхээ төлөө шагнал хүртсэн бол энэ чиглэлээр мэргэшсэн “ProPublica” хэвлэл ч ийм амжилтад хүрч байв.
Уг ангиллаас гадна гэрэл зургийн бүтээлүүд дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Тэдгээрээс хамгийн “ноцтой”, алдартай хэдийг түүвэрлэн танилцуулъя. Гэрэл зураг бол түүхийн хөдөлшгүй баримт. Тэр баримт бидэнд түүхийн үнэнийг “ярьдаг”. Гэхдээ баримтыг “хачирласан” зургууд, тэр дундаа алдартай хүмүүстэй холбоотой “патиар”-ыг янзалж, өөр орчин, өөр түүх бүтээх явдал олон арваны өмнөөс гарах болжээ. Сүүлийн үед хиймэл оюунаар төөрөгдүүлэх болсныг хүмүүс мэддэг учраас харьцангуй цензуртэй хандаж байна. Харин олон жилийн тэртээд “засварт оруулсан” төөрөгдүүлсэн зурагт өнөөдөр хүмүүс итгэсээр байгаа нь түүхийг гуйвуулах том түлхэц гэдгийг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Гэхдээ зохиомол хэдий ч баримжаа олгосон нэгэн зургийн түүхийг ташрамд өгүүлье. Суут хөгжмийн зохиолч Никколо Паганини (1782-1840) гэж ийм дүр төрхтэй хүн байсан гэж итгүүлсэн энэхүү дагерротип (1839 онд Францын зураач, зохион бүтээгч Луис Дагерийн патентжуулсан зэс хавтан дээрх гэрэл зургийн анхны арга. Эл технологи нь негатив ашигладаггүйгээрээ онцлог) буюу зургийг “буулгасан” хүн нь хийлч Жузеппе Фьорини (1861-1934) аж. Түүний 1900 оны эл зурагт олон үеэрээ хууртсан, өнөөдөр ч үүнд итгэдэг нь олон. Гэхдээ хэдийгээр энэ нь бодит зураг нь биш ч ямартай ч баримжаа олгодог эд гэж судлаачид тэмдэглэжээ. Ташрамд сонирхуулахад Пулитцерийн шагналын түүхэнд булхайтай үйл явдал болж байв. Хамгийн шившигтэй, шуугиантай ч энэ нь түүхэнд том сургамж болжээ. Тодруулбал, 1981 онд “Вашингтон пост” сонины сэтгүүлч, 27 настай Жанет Күүк зохиомол нийтлэлийнхээ төлөө шагнал хүртсэн. Дэлхий нийтэд шилдэг хэмээн зарласнаас хоёр хоногийн дараа булхайг нь зохион байгуулагчид мэджээ. 1980 оны есдүгээр сард Күүкийн “Жиммигийн ертөнц” нийтлэл сонинд хэвлэгдсэн байна. Ээжийнхээ болон түүний хамтран амьдрагч эрийн хорт нөлөөгөөр мансуурагч болсон найман настай хүүгийн тухай “баримтат” нийтлэл нийгэмд шуугиан тарив. Вашингтоны цагдаа нар хүчирхийлэлд автсан тэр хүүг хайж эхэлжээ. Тодорхой хугацаа өнгөрсөн ч олсонгүй. Хотын дарга хүртэл энэ ажиллагаанд нэгдэж, хүч хавсарсан ч сураг гаргасангүй. Сүүлдээ Жиммийг нас барсан гэж зарлах шаардлагатай тулгарчээ. Ингэж байтал 1981 оны шагнал гардуулах ёслол болов. Удалгүй Күүк бүсгүй сэтгүүл зүйн бүтээл бус, зохиол бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол редакцын зүгээс “Түүний карьераа ахиулах зорилго байжээ” хэмээн уучлал хүссэн байна. Түүхэндээ анх удаа өгсөн шагналаа хүчингүйд тооцсон зохион байгуулагчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шагналыг сэтгүүлч Тереза Карпентерт олгосон аж. Энэ нь салбарын хувьд эргэлтийн цэг болж, баримт шалгах стандартыг шинэчлэн, өөрчилсөн бөгөөд нэр хүндтэй хэвлэлүүд баримт шалгах хэлтэстэй ч болжээ. Энэ тохиолдлоос бараг 60 жилийн өмнө буюу 1921 онд “Нью-Йорк ворлд” сонины сэтгүүлч Луис Сейболдын хийсэн ярилцлагад Пулитцерийн шагнал хүртээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Вудроу Вилсонтой хийсэн түүний ярилцлага 1920 оны зургаадугаар сард хэвлэгдсэн бөгөөд улсын удирдагч хэдийгээр цус харвасан ч бие бялдар, сэтгэл санааны хувьд маш сайн байгаа төдийгүй улс орноо удирдах чадвараа алдаагүйг сэтгүүлч гайхалтай дүрсэлжээ. Гэтэл нэлээд хугацааны дараа түүхчид болон намтар судлаачид энэхүү ярилцлага нь “эзэн биегүй” буюу бодит бус гэдгийг нотолсон байдаг. Ерөнхийлөгчид зориулсан асуултуудыг урьдчилан бичгээр ирүүлсэн нь ил болсон бөгөөд хариултыг тэргүүн хатагтай Эдит Вилсон болон Ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга Жозеф Талмути нар бичсэн байв. Зорилго нь хүнд өвчтэй ч дахин сонгуульд нэр дэвших үүрэгтэй гэж эхнэр нь үзсэн байна. Сейболдын хувьд нэг удаагийн богинохон уулзалтын үеэр хэдхэн жижиг асуулт асуусан. Луйвар илэрсэн ч Пулитцерийн хороо эл шагналыг албан ёсоор цуцлаагүй бөгөөд архивт ч 1921 оны шагналтнаар бүртгэгдсэн хэвээр.
“ПИТТ ГОЛЫН АВРАХ АЖИЛЛАГАА”
Америкийн гэрэл зураг сонирхогч Виржиниа М.Шау (1915-1989) нь 1954 онд эл нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны эмэгтэй зурагчин, хоёр дахь сонирхогч гэрэл зурагчин болжээ. Гүүрэн дээр онхолдсон ачааны машинаас нэгэн эрэгтэйг аварч буй агшныг тэрбээр нөхөртэйгөө зугаалж яваад санамсаргүй авсан. Аливаа түүхийг заавал мэргэжлийн хүмүүс бүтээдэггүйг нотолсноороо ач холбогдолтой гэдгийг шагналын ёслолын үеэр тодотгосон аж. “Питт голын аврах ажиллагаа” нэртэй эл зурагт буусан осол 1953 онд Калифорнид болсон бөгөөд Пулитцерийн шагнал хүртэхээсээ өмнө дэлхийд алдартай хэд хэдэн сэтгүүлд нийтлэгджээ.
НАЙЗАА БАРЬЦААЛСАН НЬ
“Буутай ба барьцаалагдсан хүү” гэрэл зургийг 1947 онд болсон нэгэн дээрмийн үеэр зурагчин Фрэнк Кушинг авчээ. Гэмт хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн хоёр алба хаагч буутай, 15 настай Эд Банкрофт дөхөж анхаарлыг нь сарниулахаар элдэв зүйл асууж байтал гэнэт буун дуу гарав. Тэрбээр нэг офицерыг буудаж, хамт явсан найз Биллдээ буу тулган, барьцаалсан байна. Үйл явдлыг баримтжуулсан энэхүү зураг анх 1947 онд “Бостон трэвелер” сэтгүүлд хэвлэгдэж, дараа жил нь Пулитцерийн шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ.
“АМЬДРАЛЫН ҮНСЭЛТ”
Америкийн гэрэл зурагчин, 1968 онд “Амьдралын үнсэлт” хэмээх бүтээлээрээ Пулитцерийн шагнал хүртсэн Рокко Морабито бол олон улсад танигдсан алдартай нэгэн байв. Тэрбээр эл зургийг 1967 оны зун Флоридад авчээ. Цахилгаанчин Р.Чемпион, Ж.Томпсон нар өндөр хүчдэлийн шонгийн утсыг сольж байхад ийм осол болсон аж. Чемпион санамсаргүй цахилгааны утсанд хүрч, 4000 вольтод цохиулж үхэтхийн унахад хамтрагч нь зогссон зүрхийг нь ажиллуулахаар яаралтай хиймэл амьсгал хийж буй энэ агшин бол ХХ зууны хамгийн алдартай гэрэл зургуудын нэг. Тухайн үед Томпсон хамтрагчаасаа 100 гаруй метрийн зайд байсан бөгөөд хашхирах чимээнээр нь л эргэж харсан. Маш хурдан шон руу авирч цуцалгүйгээр анхны тусламж үзүүлж байхдаа Чемпионы судас сулхан цохиж эхлэхийг мэдэрсэн талаараа аврагч эр “Гайхалтай мөч” хэмээн дурссан байдаг. Ингэж амьсгалж эхэлмэгц нь шонгоос буулгахад түргэн тусламжийнхан хэдийн ирсэн байж. Чемпион ч ухаан орсон байв. Эл ослын үеэр Рокко тэнд юу хийж явсан бэ. Ойролцоох төмөр замын буудалд болж буй ажил хаялтыг сурвалжлаад буцаж явсан 47 настай гэрэл зурагчин ойр хавийг шинжин яаралгүй алхаж байтал хэн нэгэн чанга орилох шиг болжээ. “Тэр зүгт хартал нэг хүн хөлнөөсөө дүүжлэгдсэн байсан. Бурхан минь, би юу хийж, яаж туслахаа мэдэхгүй байсан ч хурдхан зургийг нь авч чадсан. Томпсон маш хэцүү хүнд байрлалд хамтрагчаа аврахаар хичээж байх зуурт би машин руу очоод түргэн тусламж дуудаад эргээд шон руу гүйсэн. Дахин зураг авч эхэлсэн. Гэтэл Томпсон “Тэр амьсгалж байна” гэж хашхирсан” гэж “Амьдралын үнсэлт” хэмээх зургийнхаа тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг.
ЯГ ТЭР АГШИНД
1963 онд Даллас хотод Жон Кеннедигийн аминд халдсан. Ерөнхийлөгчийг буудсан Ли Харви Освальд ч яг адил “зургаар” талийсан байдаг. Тэрбээр олны нүдэнд зэвсэгт халдлагад өртсөн бөгөөд буудуулж байгаа агшин түүхийн хуудаснаа гэрэл зургаар баталгаажин үлджээ. Нэгдсэн улсын тэргүүнийг хөнөөсөн алуурчныг шоронд хүргэж байгааг сурвалжлахаар Далласын шүүхийн байрны хонгилд байраа эзэлсэн “Dallas Times Herald” сонины гэрэл зурагчин Роберт Хилл Жексон эл зургийг авчээ. Шөнийн цэнгээний газрын эзэн Жек Руби гэмт этгээдийг буудсан мөчийг оновчтой байрлалаас, зөв агшинд товч луур дарснаар ийм “гайхамшгийг” бүтээсэн гэдгийг мэргэжлийнхэн шагшсан байдаг. Үүний баталгаа болгож 1964 онд Пулитцерийн шагнал хүртээжээ.
САВАДАГИЙН “ГЭР БҮЛ”
“Амьдралын төлөөх орголт”, мөн “Дайны гамшиг” ч хэмээдэг энэ зургийг 1966 онд Пулитцерээр мялаасан. Вьетнамд өдөөсөн Америкийн дайны үеэр бөмбөгдөлтөөс зугтан үр хүүхдүүдээ аврахын тулд ширүүн урсгалт голыг зүдэн ядан гаталж буй ээжийн өр өвдөм дүр төрхийг харуулсан хүн бол Японы гэрэл зурагчин Киочи Савада. Тэрбээр дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэнийхээ дараа энэхүү ээжийг хайж олоод мөнгөний талыг өгөөд зогсоогүй тэднийг өөрийн гэр бүл шиг хайрласан гэдэг. Вьетнамын дайны үеэр америкчууд байгалийн хүчийг ашиглахаар голын ай сав газрууд, уулын бэл гэхчлэн бөмбөгдөж экологид асар их хохирол учруулсныг баримтжуулсан олон зургийн эзэн Савада 1970 онд Камбожид болсон дайныг сурвалжилж явахдаа нас баржээ. Вьетнамын дайн бол янз бүрийн зэвсгийн туршилтын талбар байсан гэж түүхчид дүгнэдэг.
БАЙРЛАЛ, АЗ ХОЁР ИВЭЭХ ЦАГТ
“Майничи шимбун” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ясүши Нагао Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй лекцийн танхимд ажил үүргийнхээ дагуу явж байв. Нүд ирмэх зуурт нөхцөл байдал өөрчлөгдөн баруун жигүүрийг дэмжигч оюутан залуу самурай сэлэм барин тайзан дээр гарч ирээд Социалист намын дарга Инежиро Асанүмагийн гэдсийг хүүлжээ. Энэ үйл явдлыг олон зурагчин буулгасан ч индрээс болж халдлагыг бүрэн харуулж чадаагүй гэдэг. Нагао азаар хамгийн зөв байрлалд зогсож таарснаар хохирогчийн цочирдсон төрх, алуурч ны хилэгнэсэн царайг маш тодорхой авч чадсан нь 1961 онд Пулитцерийн эзэн болгов.
Э.Хана