Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг өчигдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Уг байгууламжийг 17.6 га талбайд 262.7 сая ам.долларын өртгөөр барьсан бөгөөд хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай. Шинэ үйлдвэр нь бохир ус цэвэрлэх явцад үүсдэг лагийг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлснээрээ онцлогтой юм. Ингэснээр үйлдвэрийн нийт эрчим хүчний хэрэгцээний 30-40 хувийг дотооддоо хангаж, жил бүр 7-8 тэрбум төгрөгийн цахилгааны зардал хэмнэх боломж бүрдэж байна. Нийт 56 барилга байгууламжаас бүрдсэн энэхүү бүрэн автомат үйлдвэр нь хаягдал усыг 98 хувь хүртэл цэвэрлэх аж.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байв. Хуучин байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч бодит байдалд өдөрт дунджаар 210 мянга, борооны улиралд 240 мянган шоо метр хүртэл ус хүлээн авч, хүчин чадлаасаа давсан ачаалалтай ажиллаж ирсэн тул ийнхүү шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага үүссэн юм.
Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлсэн байна. Барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” болон “Бээжин констракшн инженеринг групп”-ийнхэн гүйцэтгэжээ.
У.Сүрэн