УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Тэтгэврийн шударга тогтолцооны өөрчлөлт хийж, хэн илүү төлсөн, удаан ажилласан нь өндөр тэтгэвэр авах зохицуулалт бүхий хуулийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн бариад буй. Уг төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон салбарын мэргэжилтнүүд гишүүдэд танилцуулсан байна. Мөн гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ. Энэ талаараа тэрбээр бүлгийнхээ гишүүдэд мэдээлэл хийсэн аж.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан байна. Дээрх төслүүдийг АН-ын бүлгийнхэн үзэл баримтлалын хувьд дэмжиж буй аж.