Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө (2026-2028 он) баталж, албан ёсоор танилцуулав. Манай улсад зүрх, судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүсийн 81 орчим хувь нь халдварт бус өвчний улмаас энджээ. Мөн халдварт бус өвчний шалтгаанаар, цаг бусаар нас барах эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр гэдгийг танилцуулгын үеэр албаныхан онцолсон. Иймд Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026-2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.
Төлөвлөгөөгөөр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг, тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүү лэх, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэх гэсэн стратегийн зургаан чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүү лэхэд онцгойлон анхаарч ажиллах гэнэ. Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвч ний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй гэж мэргэжилтнүүд тодотголоо. Ташрамд дурдахад, зам, тээврийн ослын нас баралт, өсвөр насны охидын төрөлтийн түвшин бүс нутгийнхаас өндөр буйг анхаарах шаардлагатай байгаа аж.
Ч.Болор