Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 346 сая төгрөгийн өртөгтэй гурван тендер зарлажээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд UV технологийн зар сурталчилгааны самбар суурилуулахад зориулж 98.5 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарласан байна. Түүнчлэн 148 сая төгрөгөөр сагсны талбайн орчимд ногоон байгууламж хийх бол нийтийн бие засах газрын засварт 100 сая төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын нэгээхэн хэсэг болох цэнгэлдэх хүрээлэнгийн жорлон, сагсны талбайн засвар, тохижилт болон зарлалын самбар хийхэд нийтдээ 346 сая төгрөг зориулах бөгөөд тендерт тусгагдсан нийт өртгийг Төв цэнгэлдэх хүрээлэн өөрийн хөрөнгөөс гаргах юм байна.
Л.Ням