Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн сангаас Нидерландын Хаант Улсын Засгийн газартай хамтран, уур амьсгалын өөрчлөлт ба ирээдүйн талаарх үзэл бодлыг дүрсэлсэн анхны сэдэвчилсэн “Хүн, байгалийн хүйн холбоо” үзэсгэлэнг Монголд нээлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэргэдэх “Рио парк”-т энэ сарын 30 хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болох тус үзэсгэлэнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл явдлын түүхэн зургуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглууснаа дэлгэжээ. Мөн Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн архивын шилдэг бүтээлүүдээс дээжилсэн байна. Гэрэл зургийн шилдэг 20 цомгийг багтаасан эл үзэсгэлэнгийн эхний хэсэгт нүүрс ба газрын тос олборлолт, хог хаягдал, далайн түвшин нэмэгдсэн талаар, мөн ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль орчны сүйрлийг харуулжээ. Эдгээр зураг нь аж үйлдвэрийн уршгаар экосистем, орон нутгийн иргэд хэрхэн хохирч буйг харуулан, дэлхий даяар тулгарч буй эдгээр хямралыг ухаарч, хариуцлага хүлээхийг уриалснаараа ач холбогдолтой юм. Харин урлангийн хоёрдугаар хэсэг итгэл найдвар ба үйлдэл рүү чиглэсэн гэнэ. Энд сэргээгдэх эрчим хүчний хөгжил, шинжлэх ухаанд суурилсан хүнсний шийдэл, уугуул иргэдийн уламжлалт арга туршлага, газрын тос дамжуулах хоолойг эсэргүүцэгчдийн тэмцэл зэрэг тэнцвэрийг хадгалсан дүр төрхийг илүүтэй тодруулж. Үзэсгэлэнгийн зургууд зөвхөн байгалийн сүйрлийг эсэргүүцэх төдий биш, дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй тогтвортой ирээдүйг бүтээх гэсэн хүмүүсийн үйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхийг бидэнд сануулах аж. Олон улс дамнан зохион байгуулагдаж буй эл үзэсгэлэнд гадаадын шилдэг 20 орчим гэрэл зурагчин оролцож байгааг зохион байгуулагчид хэлсэн.
О.Оргилох