Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хотын хэмжээнд энэ онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталжээ. Тодруулбал, нийслэлийн ногоон бүсэд цэвэрлэгээний зориулалтаар 208 га-д мод огтолж тайрах бөгөөд унасан гишүү мөчрийг түүн, 60 мянган шоо метр хэрэглээний мод бэлтгэхээр болсон байна. Мөн иргэдийн түлшний хэрэгцээг хангахаар 4400 шоо метр мод зэхэх гэнэ. Ойгоос бэлтгэсэн нэг шоо метр түлээнд 5920, хэрэглээний модонд 17 102 төгрөгийн татвар ногдуулах аж. Ингэснээр өнөө жил ойгоос зөвхөн түлшний мод бэлтгэхэд 27.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийслэлийн төсөвт оруулна гэж төлөвлөжээ. Ойн цэвэрлэгээ хийснээр экологийн тэнцвэрт байдлыг сайжруулж, түймэр дэгдэхээс сэргийлэн, хөнөөлт шавж тархахаас урьдчилан сэргийлэх давуу талтайг албаныхан хэлсэн. Ташрамд дурдахад, ойн бүсэд ажиллах мэргэжлийн байгууллагынхныг сонгон шалгаруулж, цэвэрлэгээ хийлгэдэг. Залуу мод огтлохыг хуулиар хориглодог тул байгаль хамгаалагчид үүнд хяналт тавьдаг гэлээ.
М.Гэгээ