Дугуй, цахилгаан скүүтертэй зорчигчид болон явганаар хөдөлгөөнд оролцогч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд өнөө жил нийслэлд дөрвөн байршилд нийт 14 км зам тавихаар урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. “Наадам центр”-ээс Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл 6.7, “Дулааны цахилгаан станц-3”-аас Баянголын уулзвар хүртэл 0.6, “Баянмонгол” хорооллоос “Дүнжингарав”-ын уулзвар хүртэлх хэсэгт 1.1 болон 5.6 км хоёр хэсэг зам тавих зураг гаргасан аж. Эдгээр төлөвлөлтөд иргэдийг оролцуулж, илүү оновчтой, зохион байгуулалттай болгохын тулд Хот байгуулалт, хотын стандартын газар олон нийтээс цахимаар санал авч эхэлжээ. Тус байгууллагын пэйж хуудсанд хандан саналаа өгч болох нь. Тодруулбал, дугуй болон скүүтерээр зорчиход тулгардаг гол бэрхшээл юу болох, замыг нь ямар байдлаар яаж тавибал илүү тохиромжтой, төлөвлөсөн байршлуудаас алиных нь ажлыг нэн түрүүнд эхлүүлбэл зохимжтой зэрэг асуултын хүрээнд иргэдийн саналыг хүлээн авч буй аж. Тус байгууллагынхан “Улаанбаатар хотын дугуйн замын сүлжээг хамтдаа төлөвлөе” гэж уриалжээ.
Ж.Сувд