Дэлхийд найман зүйл хотон шувуу тархан нутагладаг гэнэ. Тодруулбал, Америкийн цагаан, Австралийн, Перугийн, бор, борцгор, толбот, цагаан, ягаан нуруут гэсэн найман зүйл шувуу Антарктидаас бусад тивд бүртгэгджээ. Харин манай улсад цөөн тоогоор идээшлэн нутагладаг ганц зүйл нь борцгор хотон (dalmatian pelican) билээ. Монгол Улсын “Улаан ном”-д нэн ховор ангилалд багтсан эл жигүүртэн Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газарт өсөж үржин, нутагладаг юм. Тэгвэл манай улсад энэ жил дахин нэг зүйлийг шинээр илрүүлж, бүртгэснийг судлаачид мэдээллээ. Тодруулбал, Монголд өмнө нь огт харагдаж, бүртгэгдэж байгаагүй толбот хотон (spot-billed pelican)-г уст цэгт идээшилж байхад нь баримтжуулжээ. Ингэснээр дэлхий дээрх найман зүйлийн хотонгоос хамгийн ховорт тооцогддог хоёр нь манай оронд бүртгэгдлээ.
Н.Мишээл