Ажил эхлэх, тарах үед авто замын хөдөлгөөн эрчимжиж, зам хөндлөн гарах гэсэн явган зорчигч пиг дүүрэн болдог. Замын хоёр талд “овоорсон” хүмүүс баруун гарын дүрэм баримтлаагүйгээс зарим нэгэнтэй нь мөргөлдөх, шүргэх, хөл дээр гишгэх зэргээр таагүй байдал үүсгэх нь бий. Тэгвэл баруун дөрвөн зам орчмын явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж, иргэдийг саадгү зорчиход хялбар болгожээ. Өөрөөр хэлбэл, баруун гарын дүрэм баримтлахыг сануулсан сум бүхий тэмдэглэгээ байршуулсан байна. Явах чиглэлд сум зааж өгснөөр бусдад төвөг удахгүйгээр зам хөндлөн гарах боломжтой юм. Дэлхийн ихэнх улс баруун гарын дүрэм баримталж замын хөдөлгөөнд оролцдог. Тодруулбал, дэлхийн 160 гаруй улс баруун гарын дүрэмтэй бол 30 орчим нь зүүн гарын дүрэм баримталдаг бөгөөд жолооны хүрд нь эсрэг талдаа бий. Сонирхуулахад, баруун гарын дүрэм гэдэг нь гудмаар алхах, зам хөндлөн гарах, шатаар өгсөж, уруудах зэрэгтээ баруун гар талаа барьж явахыг хэлдэг. Ингэснээр бусад хүн таны зүүн талаар гарч, гүйцэж түрүүлэх боломжтой болно.
Ч.Цэлмэг