Есөн жилийн дараа УИХ албан ёсоор хүчтэй сөрөг хүчинтэй болоод байна. Сонгогчдын зүгээс өгсөн итгэл, үүрэг даалгаврыг АН-ынхан сая нэг биелүүлэх гэж буй нь энэ. Өмнөх хамтарсан Засгийн газрын тэргүүн орлогоо нотолж чадаагүйн бурууг АН-д “үүрүүлээд” хөөж гаргасан учраас тус намын дарга Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тиймээс даргын төлөөх марафон АН-д өрнөж байгаа юм. Хэнийг даргаараа сонгохоос их зүйл хамаарах учир жирийн гишүүн, дэмжигчдийнх нь хувьд энэ бол чухал. Нэг намын дарангуйлалд удсан монголчуудад ч АН хүчтэй байх нь маш их ач холбогдолтой юм. Тиймээс эрх ашгийн зөрчилтэй олон фракцын эвийг олж ажиллах чадвартай, нөлөөтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүн дараагийн дарга болох учиртай. Энэ парламентын бүрэн эрх дуустал хүч¬ тэй сөрөг хүчин байж, улмаар 2028 онд олонх болж чадах, эсэхийг шинэ даргынх нь алсын хараа тодорхойлно. Мөн хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН амжилт үзүүлэх, эсэх нь ч үүнээс хамаарна.
ЯЛААГҮЙ НАМЫН ДАРГА ОГЦРОХОО БОЛЬСОН НЬ
Таван нам нэгдэж байгуулсан болохоор ч тэр үү, АН-д эрх ашгийн зөрчил, бүлэг фракц олон бий. Тэд үргэлж л хоорондоо талцаж, зөрчилддөг, үүнийгээ “Манай намын имиж, дотоод ардчилалтай байгаагийн илрэл” хэмээн ярьдаг. Юутай ч тус нам 2025 онд “Эв нэгдлээс институт” уриа дэвшүүлсэн юм билээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн 3.10-т “Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгогдоогүй тохиолдолд дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг огцорсонд тооцно” гэжээ. Шат шатны сонгуульд намаа ялуулж чадаагүй дарга хариуцлага хүлээж огцордог нь улс төрийн хүчний энгийн жишиг. Гэвч АНынханд уг дүрэм нь үйлчлэхээ болиод удаж буй. 2016 оны УИХ-ын сонгуульд “навс” ялагдсаны дараа тухайн үеийн дарга С.Эрдэнэ нь ажлаа өгөх ёстой байв. Гэвч парламентад олонх байсан намыг есөн гишүүнтэй болтол унагасныхаа хариуцлагыг хүлээхийг тэр хүсээгүй. Намын даргын албан тушаал, тамга тэмдгээ булаацалдсанаар АН-ын “харанхуй үе” эхэлсэн билээ. Хоёр даргатай, дотроо талцаж явсаар 2020 оны сонгуульд ч далаараа тавиулсан. Ийнхүү амь тавьж байсан намыг Л.Гантөмөр 2023 оны нэгдүгээр сард хүлээн авч, эвлэрүүлж, нэгтгэсэн гавьяатай. Түүнийг хэт сул дорой хэмээн их шүүмжилсэн. Гэвч яахаас ч буцахааргүй болсон, олон толгойтой гишүүд, фракцуудыг нэгтгэхэд яг л ийм зөөлөн чанар нь хэрэг болсон байж мэднэ. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ынхан 42 суудал авч чадав. Олон нийт ч сөрөг хүчингүй, нэг намын тогтолцооноос залхсан учраас АН-ыг ихэд дэмжиж, 30.1 хувь нь саналаа өгсөн юм. 11 төлөөллөөс 42 гишүүнтэй болсон нь нэг талаар амжилт, мөн тус намынхныг хүчтэй сөрөг хүчин хий, эрх баригчдад хяналтаа тавь гэсэн иргэдийн итгэл. Харамсалтай нь, АН-ынхан хамтарч Засгийн газар байгуулах МАН-ын саналыг уухайн тас хүлээн авч, эрх барилцахыг илүүд үзэв. Ингэснээрээ санал өгсөн, итгэсэн иргэдийн урмыг хугалсан юм. Түүнийхээ горыг ч орон нутгийн сонгуулиар амссан. Тиймээс намын дүрмийнхээ дагуу Л.Гантөмөр хариуцлага хүлээх ёстой байлаа. Гэвч “Сонгуульд ялаагүй ч УИХ дахь төлөөллөө ахиулсан” гэж хамгаалах хүмүүс гарсан. Тэрбээр өнгөрсөн 10 сарын турш МАН-ын, тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагч” болж хувирсан нь нууц биш. Гэвч хамтарсан Засгийн газраас хөөгдсөнийхөө дараа сөрөг хүчний байр суурь баримтлах нэгдсэн шийдэл дор УИХ дахь бүлгээ зангидаж, зөв улс төр хийж чадлаа. Зөв цагт зөв шийдэл гаргалаа хэмээн түүнийг олон нийт үнэлсэн. Намын дүрмээр огцруулж дийлээгүй ч Засгийн газраас “өшиглүүлж” гарсны дараа түүнд АН-ын дарга хийх сонирхол төрсөнгүй. Тиймээс л “Ажлаа өгнө” гэж мэдэгдсэн юм. Одоо шинэчилж буй дүрэмд нь улс төрийн бүх намд байдаг зарчмын дээрх заалтаа хадгална, бас цаашид мөрдөнө гэж найдаж байна.
ГОРИЛОГЧИД
Л.Гантөмөрийн оронд горилж буй 10 орчим хүн бүгд УИХ-ын гишүүн байна. УИХ дахь АНын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамгийн өндөр магадлалтай горилогч юм. Тэрбээр эдүгээ хоёр дахь парламентдаа АН-ын бүлгийн даргаар ажиллаж буй. Өмнөх УИХ-д 11 гишүүнтэй сөрөг хүчний бүлгийг удирдсан хүн. Харьцангуй зоригтой, эв нэгдлийг сахиулан ажиллаж чадахаа өнгөрсөн хугацаанд харуулсан билээ. АН-ын “их хагарал”-ын үед тэрбээр хэсэг зуур намын даргаар ажиллаж үзсэн. Гэвч Дээд шүүх түүнийг дарга хэмээн бүртгээгүй. Мөн хамтарч Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байсан гишүүдийн нэг. Юутай ч тэрбээр намын даргад өрсөлдөхөөс татгалзахгүй гэдгээ илэрхийлжээ. Дарга болохыг маш их хүсэж буй дараагийн нэг улс төрч бол УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж. Тэрбээр сүүлийн үед чуулганы нэгдсэн хуралдаанд илүү идэвхтэй оролцож, байнга үг хэлдэг болсон. Ингэхдээ хошигнож анхаарал татахаас эхлээд зүйл бүрийн л арга хэрэглэж байх шиг. Үүнийг МАН-ын залуу гишүүн П.Сайнзориг түүнийг “Та бол парламентад алиалагч хийдэг хүн шүү дээ. Намынхаа дарга болох гээд битгий хоёрын хооронд юм хийгээд бай” хэмээн шүүмжилсэн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон тэрбээр АН-ын “Монде” фракцыг төлөөлдөг. Б.Пүрэвдорж 2021 онд согтуугаар машин жолоодон, ноцтой осол гаргасан удаатай. Өөрөө хууль тогтоогч хэдий ч дүрэм, журмаа биелүүлээгүй нь тоогүй. Түүнийг АН доторх олон фракцын эвийг олж, тэнцвэрийг хадгалаад явж чадна гэдэгт итгэл нэг л төрөхгүй. АН сөрөг хүчний байр сууриндаа эргэн ирсэнд хамгийн их баярлаж байгаа хүмүүсийн нэг нь энэ гишүүн юм. Мөн гишүүн О.Алтангэрэлийг АН-ын “нууц дарга” Х.Баттулга зүтгүүлж буй гэх. Хамтар сан Засгийн газарт тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. Ингэхдээ хөрөнгө хураахаас эхлээд ноцтой хэд хэдэн хуулийн төслийг өргөн барьж, ардчилсан зарчимд халгаатай алхам хийж байна хэмээн шүүмжлүүлсэн билээ. АН-ын генсек байсан гишүүн Ц.Баатархүү, Ч.Өнөрбаяр, тус намын даргаар ажилласан туршлагатай Ц.Туваан гээд горилогчдын жагсаалт үргэлжилнэ. Нам нь хамтарсан Засгийн газарт багтаад, гишүүд нь хэлгүй, дүлий мэт болчихсон үед эрх баригчдын буруу булхайг зоригтой шүүмжилж ажилласан Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу нар ч энэ жагсаалтад багтжээ. Гэхдээ сүүлийн хоёр гишүүнийг дарга болгох нь өөрсдийнх нь сонирхол гэхээс илүү олон нийтийн хүсэл болов уу.
ХУУЧИН, ШИНИЙГ СОЛИХЫН ДУНДАХ “ГАЦАА”
МАН-ын Бага хурал тавдугаар сарын 21- нд болж, АН-ыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Л.Гантөмөр ажлаа өгөхөө мэдэгдсэн ч сарын хугацаа өнгөрөхөд АН-ынхан юу ч хийсэнгүй. Тэд аль болох хурдан Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-гоо хуралдуулж, түүнийг чөлөөлөн, орны хүнийг тодруулж, улмаар Их хурлаараа баталгаажуулах ёстой. Гэтэл чимээ аниргүй болчихов. Тэгвэл үүний шалтгаан нь шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод бүтцээ өөрчлөх үүрэг хүлээсэнтэй холбоотой аж. Тус намынхан үндсэн дүрмээ шинэчлэх ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн сард 21 аймагт ажиллан, гишүүд, дэмжигчдэдээ төслөө танилцуулж, санал, хүсэлтийг нь сонссон юм байна. Хэдийгээр нээлттэй танилцуулж, санал авч буй гэх ч элийрэгч Ц.Уянга тэргүүтэн дүрмийн төслийг нууж байна хэмээн эсэргүүцлийн жагсаал намынхаа байрны гадна хэд хоног хийсэн нь саяхан. Юутай ч дээрх ажлын хэсгийнхэн саналаа нэгтгэж, төслөө эцэслэсний дараа ҮБХ-ны хурлыг зарлахаар хүлээж байгаа гэнэ. Учир нь дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлж байж намын даргаа тодруулахаас эхлээд ажил нь өрнөх юм байна. Улс төрийн намууд дээрх өөрчлөлтөө энэ онд багтаан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Гэвч Л.Гантөмөрийг он дуустал “хүчээр” ажиллуулах нь утгагүй. Тиймээс АН-ынхан ажлын хэсгийнхнээ шуурхайлуулж байгаа гэнэ. Энэ сард хийх гээд амжаагүй гэсэн тул наадмаас өмнө ҮБХ нь хуралдаж, одоогийн даргыг чөлөөлж, орны хүнийг нь тодруулах, эсэхийг харж л байя.