“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах дөрвөн автомашин хүлээн аваад буйгаа тусгазраасөчигдөр мэдээллээ. Үүний хоёр нь 42 метр урттай, автомеханик шаттай бол үлдсэн хоёр нь 32 метр урт шаттай аж.
Шинээр нийлүүлсэн 42 метр урттай, автомеханик шат бүхий хоёр автомашины нэгийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах X ангид, нөгөөг нь Баянзүрхийн 63 дугаар ангид өгчээ. Харин арай богино шаттай үлдсэн хоёр автомашиныг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах XVI, Өвөрхангайн XII ангид хуваарилсан байна.
Эдгээр автомашины ашиглалт, засвар үйлчилгээний сургалтыг Францын “Десотел” группийн сургагч багш нар удирдаж, манай 30 гаруй алба хаагчийг 15 хоногийн хугацаанд мэргэшүүлжээ. Ташрамд дурдахад, дээрх төслийг Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд 42 метр урт шаттай, гал түймэр унтраах зориулалтын автомашиныг манайх анх удаа ашиглаж эхэлсэн нь энэ юм.
О.Бат