Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад тус комиссын дарга Д.Сүнжид болон албаныхан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг, ахлах зөвлөх Н.Сатжипанон, Б.Бакланд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс нар оролцсон байна.
Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид комиссыг байгуулсан цагаас буюу 2001 оноос эхлэн эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, гомдол, мэдээллийг шийдвэрлэж ирснийг дурдсан юм. Энэ хугацаанд хүлээн авсан нийт гомдол, мэдээллийн 60-70 хувь нь халдашгүй эрхтэй холбоотой байжээ. Өнгөрсөн онд ирсэн 1311 гомдлын 30 хувь нь мөн халдашгүй байх эрхтэй холбоотой байсан гэнэ. Үүний 14 орчим хувь нь эрүү шүүлтээс ангид байх эрхийг зөрчсөн гэх гомдол ажээ. Харин ахлах зөвлөх Б.Бакланд “Монгол Улс мэдүүлэг, тайлбар авах өрөөг бүрэн камержуулж, стандартжуулсан нь бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлгээ авсан. Энэ нь эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээллийн тоо буурахад хувь нэмэр оруулсан” гэв.
Ч.Туяа