2025 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн нэр тодорч, “Алтан бөмбөг” шагналыг Францын шигшээ болон ПСЖ багийн тоглогч Усман Дембеле хүртлээ. Эл нэр хүндтэй шагналыг хүртэх тоглогчийн нэр эцсийн мөч хүртэл нууц байсан агаад санал асуулгаас үзвэл гол өрсөлдөөн У.Дембеле болон “Барселона” багийн залуу од Л.Ямалын хооронд өрнөсөн байна.
Хэдий асар авьяастай гэгдэж байсан ч гэмтэл, сахилга бат зэрэг асуудлаас шалтгаалж хэдхэн жилийн өмнө шүүмжлэлийн бай болж байсан 28 настай тоглогч карьераа аварч, ийнхүү дэлхийн шилдэг болж буйнь гайхалтай хэрэг юм. Ингээд У.Дембелегийн тухай сонирхолтой баримтуудтай танилцъя.
•Тэрбээр 1997 онд Вернон хотод төрж, зэргэлдээх Эвра хотод өссөн. Чухам энд хөлбөмбөг анх тоглож эхэлжээ. Эдгээр хот Парисаас 100 орчим км зайд, Норманди мужид оршдог.
•Түүний аав нь Мали бол ээж нь Мавритан, Сенегал гаралтай. Тиймээс У.Дембеле дөрвөн улсын шигшээ багт тоглох боломжтой байв.
•2018 оны ДАШТ-д түрүүлсэн шагналаа У.Дембеле ээжийнхээ төрсөн тосгонд (Мавританы Вали-Дьянтанг) сүм барихад зориулжээ.
•Багадаа футзал тоглодог байсан нь түүнийг бөмбөг эзэмшилт, хууралтаа сайжруулахад нь нөлөөлсөн гэдэг.
•Талбай дээр нисэх мэт тоглодог учир “Шумуул” хочтой болсон.
•13 настайдаа “Ренн” багийн академид элссэн. Авьяаслаг хүүг “Хавр”, “Кан” баг сонирхож байсан ч “Ренн” баг гэр бүлд нь (ээж, ах, хоёр эгч) орон байр өгөхийг зөвшөөрчээ.
•17 нас хүрээд “Ренн”-ий нөөц багийн шилдэг мэргэн бууч (18 тоглолтод 13 гоол), дөрөвдүгээр дивизионы шилдэг тоглогч болсон. Нэгдүгээр багтай гэрээний нөхцөлөө тохирч чадалгүй удсан учраас “Бенфика” багт очих дөхсөн ч 2015 онд гэрээ байгуулснаар Лиг 1-д тоглож эхэлжээ.
•2016 оны гуравдугаар сард “Нант”-ын хаалганд эхний хет-трикээ оруулсан. Уг тоглолтыг нь “Барселона”, “Челси”, “Ливерпуль”-ийн скаутууд үзсэн.
•Хамгийн алдартай амбидекстр хөл бөмбөгч. Баруун, зүүн гараар бичихээс гадна хөл бөмбөгийн талбайд баруун, солгойгүй цохиж чаддаг.
•Дортмундад түрээсэлж байсан байрныхаа хогийг хаяагүй, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй шалтгаанаар Германы шүүх түүнийг 10 мянган еврогоор торгож байсан.
•Испанийн “Барселона” баг түүнийг 105+42 сая еврогоор худалдаж авсан нь тухайн үедээ Неймарын солилцооны дараа орох хөл бөмбөгийн хамгийн үнэтэй наймаа болж байлаа.
•Каталоны багтай тэрбээр гэрээг нь 400 сая еврогоор цуцлах нөхцөлийг тохирч байсан ч хожим ПСЖ багт 50 саяар зарагдсан.
•2017 онд дэлхийн шилдэг залуу тоглогчийн шагналд дэд байр эзэлжээ. Түүний өмнө К.Мбаппе орсон юм.
•“Барса”-д зургаан улирал тоглохдоо У.Дембеле 799 өдрийг гэмтлийн улмаас өнжсөн. Шигшээ багийн тоглолтыг нэмбэл тэрбээр энэ хугацаанд нийт 141 тоглолтод оролцож чадаагүй юм.
•“Барса”-д тоглохдоо У.Дембеле нийт 81 “оноо” (40 гоол+41 дамжуулалт) цуглуулжээ.
•Тэрбээр FIFA, Fortnite, Call of Duty, NBA 2K зэрэг цахимтоглоомын улаан хэнээтэн юм.
•2021 оны арванхоёрдугаар сард хуримласнаас хойш сахилга бат, тоглолт нь эрс сайжирсан. Түүнийг найз бүсгүйтэй гэдгийг багийнхан нь мэдээгүй учир их гайхсан гэдэг. Хуримаа хийснээс хойших зургаан сарын хугацаанд У.Дембеле 13 гоолын дамжуулалт өгч, Ла Лигт хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогчор шалгарсан юм.
•Түүний эхнэрийг Рима Эбдуш гэдэг бөгөөд ислам шашинтны хувцас хийдэг Razalae брэндийг үүсгэн байгуулжээ. 2022 оны есдүгээр сард хосууд охинтой болсон. Гэхдээ тэд хувийн амьдралынхаа талаар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд огт нийтэлдэггүй.
•Өнгөрсөн улиралд тэрбээр анх удаа Европын топ лигийн мэргэн бууч болсон (Лиг 1-т 21 гоол оруулав). У.Дембеле ПСЖ багийн төлөө “Барселона”-д оруулснаас олон гоол (43-40) оруулаад байна.