Тээврийн цагдаагийн алба ХААН банктай хамтран “1000-0” аяныг 2022 оноос хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, ослын эрсдэлийг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 39, 139 дүгээр сургууль орчмын авто замд хурд сааруулагч байршуулжээ. Эдгээр нь жолооч нарын хамгийн их хурд хэтрүүлдэг байршил аж. Мөн энэ үеэр дээрх сургуулиудын бага ангийн 1200 сурагчид замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгосон байна.
Аяныг хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд ерөнхий боловсролын нийт долоон сургуулийн ойр орчмын авто замд хурд сааруулагч байршуулжээ. Үүний үр дүнд тухайн сургуулийн орчимд гардаг зам, тээврийн осол 60 хувь буурсныг Тээврийн цагдаагийн албанаас онцоллоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам, тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 59 хувь нь явганаар хөдөлгөөнд оролцох үедээ гэмтэж бэртэн, эрүүл мэнд, цаашлаад амиараа хохирчээ. Эдгээр ослын 72.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Ч.Туяа