Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг өнгөрсөн баасан гарагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, улмаар тухайн өдөрт нь албадан саатуулжээ. Хууль сахиулагчид эхлээд Б.Сэргэлэнбаатарын албан өрөө, гэр, хамаарал бүхий аж ахуйн нэгжийн оффист прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн аж. Улмаар Ш.Мөнхсайханыг ч давхар шалгах болсон гэнэ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 2025 оны зургаадугаар сарын 3-наас “Професионалстрой” гэх компанийн хувь эзэмшигч болсон бөгөөд түүнтэй хамт дээрх намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан тус аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч болсон аж. Улсын бүртгэлд барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулахаар 2013 онд бүртгүүлж, 2020 онд цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээц бүхий барилга барих зөвшөөрөл авсан уг аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч болмогцоо Б.Сэргэлэнбаатар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцын барилга барих тендерт шалгарахад нөлөөлсөн хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.