Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж, өнгөрсөн ням гарагт нэгжлэг хийсэн билээ. Түүнтэй хамт “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн, “Хуваймонголиа” компанийн эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч Б.Болормаа тэргүүтэй 10 гаруй хүнийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-2.1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан”, 18.6-1 дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй юм.
Тэднийг “Улаанбаатар метро” болон “Туулын хурдны”, “Нэгдүгээр тойрог зам” зэрэг төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан, туслан гүйцэтгэгч нэрийн дор 6.6 тэрбум төгрөг завшиж түүнийгээ угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэмээн өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг мэдээллээ. Тэрбээр “Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид 709 сая, эхнэрийнхээ 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна” хэмээн тодотгосон юм.