Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргаар ажиллаж буй Э.Төрбаярт холбогдох авлигын хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Н.О гэх хүний хүүг ажилд авахын тулд бусдын дансаар дамжуулан хоёр сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй. Уг хэргийн талаар ИНҮТ-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын дарга Э.Мишээл, мэргэжилтэн Б.Золбоо, дуурийн дуучин мэргэжилтэй Д.Дорждэрэм нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцэх үеэр хөндөж байсан юм. Тэд таван сая төгрөгийн хээл хахууль өгч, аван нэгнээ ажилд томилсон хэрэгт холбогдсон. ИНЕГ-ын даргаар ажиллаж буй Э.Төрбаярт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Н.О-д нь мөн хуулийн 22.5-1-ийн “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.