Эдийн засгийн хөгжлийн төвийн судлаач, доктор Я.Буддаян-Очтой төрийн өмчит компани (ТӨК)-иудын хувьчлал, хувьчлалыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Тэрбээр “Төрийн өмчит компанийн IPO бодлогын зөвлөмж” сэдэвт судалгаа хийжээ. Үүгээрээ ТӨК-иудын засаглал, санхүүгийн өнөөгийн нөхцөл, хүндрэлээс гарах арга зам, IPO хийхэд анхаарах зүйлсийг тодруулж, зөвлөмж боловсруулахыг зорьсон байна.
-Төр өмчтэй байх ёстой юу, үгүй юү гэдгээс яриагаа эхэлье.
-Судалгаанаас харахад төр өмчтэй байх ёстой юу, үгүй юү гэсэн өнцгөөс биш, төр ямар тохиолдолд өмчтэй байх, тэр өмчөө хэрхэн зөв удирдах вэ гэсэн асуултад хариулах нь зөв. Төр стратегийн ач холбогдолтой салбар, байгалийн монопол, нийтийн үйлчилгээ, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой салбарт өмчлөгч байх шаардлага гарч болно. Харин хувийн хэвшилтэй өрсөлддөг, зах зээлд үр ашигтай ажиллах боломжтой салбаруудад төр заавал компани эзэмших шаардлагагүй. Тиймээс төрийн өмчийн шинэчлэлийг зөвхөн хувьчлах, эсвэл төрд үлдээх гэсэн хоёр сонголтоор харах нь өрөөсгөл. Эхлээд тухайн компанийг төр яагаад, ямар зорилгоор эзэмшдэг, цаашид ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Товчхондоо, ТӨК-ийн хамгийн том асуудал нь өмчлөлийн хэлбэр бус, өмчлөгчийн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад оршино. Түүнчлэн энд гурван түвшний үүргийг маш тодорхой зааглах шаардлагатай. Нэгдүгээрт, төр өмчлөгчийн хувьд зорилго, хүлээлтээ тодорхойлно. Хоёрдугаарт, компанийн стратегийг Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь баталж, удирдлагын гүйцэтгэлд хяналт тавина. Гуравдугаарт, гүйцэтгэх удирдлага нь өдөр тутмын бизнесийн шийдвэрээ мэргэжлийн, бие даасан байдлаар гаргаж, үр дүнгээ хариуцна. Манай ТӨК-иудад энэ гурван түвшин олон жилийн турш хоорондоо холилдож ирсэн. Өмчлөгч нь өдөр тутмын удирдлагад оролцох, ТУЗ нь бодит эрх мэдэлгүй, гүйцэтгэх удирдлагын зорилго, хариуцлага тодорхой бус байх тохиолдол олон. Ийм нөхцөлд хэн ямар шийдвэр гаргасан, үр дүнг хэн хариуцах нь тодорхойгүй болдог. Харин үүргийг нь зөв зааглаад, компанид санхүү болон үйл ажиллагааны зохих бие даасан байдлыг нь өгч, хэмжигдэхүйц зорилт тавьж чадвал хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
ШИНЭЧЛЭЛИЙГ АШИГГҮЙ БОЛ ТАТАН БУУЛГАНА, ӨРТЭЙ БОЛ ХУВЬЧИЛНА ГЭСЭН ЯВЦУУ ШАЛГУУРААР ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ
-Манай ТӨК-иудын хувьд асуудал ноцтой хэмжээнд хүрсэн. Өр төлбөр ихтэй, засаглалын чадамж сул болсон гэж ярьдаг. Тиймээс хувьчлах, олон нийтэд санал болгох, бүтцийг нь цомхотгох, бүр татан буулгах хэрэгтэй гэх нь бий. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Шинэчлэлийг ашиггүй бол татан буулгана, өртэй бол хувьчилна гэсэн явцуу шалгуураар шийдэж болохгүй. Эхлээд тухайн компанийг төр яагаад эзэмшдэг, цаашид эзэмших шаардлагатай юу, ямар зорилгод хүрэх вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. Үүний дараа л шийдвэр гарна. Зарим компанийг төрд хэвээр үлдээж, заримыг нь өөр компанитай нэгтгэж, эсвэл бүтцийг нь өөрчилж болно. Зарим компанид хувийн хөрөнгө оруулалт татаж, хөрөнгийн биржээр дамжуулан тодорхой хувийг нь олон нийтэд санал болгох боломжтой. Улмаар төр өмчлөх эдийн засаг, стратеги, нийтийн үйлчилгээний үндэслэл нь алга болсон компанийг хувьчлах, эсвэл татан буулгах асуудлыг хөндөж болно. Өөрөөр хэлбэл, өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх нь реформ биш байх нь. Тодруулбал, компанийн засаглал, ТУЗ, удирдлага, санхүүгийн сахилга бат, тайлагналын тогтолцоог өөрчлөхгүйгээр зөвхөн хувьцааг нь худалдах юм бол төрийн өмчид байсан асуудлыг өөр өмчлөгчид шилжүүлснээс ялгаагүй. Энд Сингапурын “Temasek” компанийн туршлага сонирхол татдаг. Тус компани нь Сингапурын Сангийн сайдын 100 хувийн эзэмшилтэй боловч Засгийн газар нь хөрөнгө оруулалт болон өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд нь оролцдоггүй. ТУЗ, удирдлага нь хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргаж, төр нь өмчлөгчийн хувьд нийт мандат, засаглалын тогтолцоо, урт хугацааны гүйцэтгэлдээ л хяналт тавьдаг.
Тэгвэл манай “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) компанийн жишээг авч үзье. Гурван сая гаруй иргэн хувьцаа эзэмшдэг компанийн хувьд тайлан нь зөвхөн санхүүгийн шинжээчдээр тогтохгүй жирийн хувьцаа эзэмшигч ч ойлгохоор байх ёстой. Орлого, ашиг болон хэдий хэмжээний өртэй, ямар хөрөнгө оруулалт хийснийг иргэд мэдэх шаардлагатай. ТУЗ болон удирдлагын гүйцэтгэлийг хэрхэн үнэлсэн, ирээдүйд ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг ч маш энгийн, ойлгомжтой тайлагнах хэрэгтэй гэсэн үг. Ингэж чадвал OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан засаглалын удирдамжтай нийцэж ирнэ. OECD нь юуны түрүүнд төр тухайн компанийг яагаад эзэмшиж байгаагаа тодорхойлж, олон нийтэд тайлбарлах ёстой гэж үздэг. Мөн ТӨК зах зээлд хувийн хэвшилтэй шударга, ижил нөхцөлөөр өрсөлдөх, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллээ ил тод тайлагнах, ТУЗ нь бодит эрх мэдэл, хариуцлагатай байх зарчмыг тавьдаг. Тиймээс Монголд ТӨК-ийн реформ гэдгийг компаниудаас хэдийг нь хувьчлах, хэдийг нь татан буулгах вэ гэдгээс илүүтэйгээр төр яагаад энэ компанийг эзэмших ёстойг тодорхойлохоос эхлэх хэрэгтэй. Товчхондоо, ТӨК-ийн реформын зорилго нь төрийн өмчийг цөөлөхөд биш, төрийн өмч бүрийн зорилго, үнэ цэн, хариуцлагыг тодруулахад оршино.
-Төрийн өмчит компанийг хувьчлахад 12 үе шат бүхий цогц бэлтгэлийг хангах тухай зөвлөмж OECD-оос гаргасан гэсэн. Эл зөвлөмжийг том, жижиг гэлтгүй бүх компани дагаж мөрдөнө гэсэн үг үү?
-Ерөнхий зарчмын хувьд тэгж ойлгож болно. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулах нь зүйтэй. 12 үе шат гэдэг нь төрийн өмчит бүх компанид механикаар хэрэглэх хувьчлалын стандарт биш. Харин тухайн компанийг төрд хэвээр үлдээх, эсвэл нэгтгэх, олон нийтэд нээлттэй болгох, стратегийн хөрөнгө оруулагч татах, үгүй бол бүрэн хувьчлах, эсэхийг шийдэхээс өмнөх цогц үнэлгээ, бэлтгэлийн дараалал гэж болно. Манайд төрийн өмчит компаниудыг хувьчлах, IPO хийх, нэгтгэх, татан буулгах талаар олон жил ярьсан. Гэтэл хамгийн чухал асуудал болох аль компанийг, ямар үндэслэлээр, ямар дарааллаар, ямар хэлбэрээр өөрчлөх тухай тодорхой, системчилсэн ойлголт алга. Судалгааны түвшинд харвал юуны түрүүнд төр өмчлөлийн үндэслэлээ тогтоох ёстой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр тухайн компанийг яагаад эзэмшдэг, эзэмших шалтгаан хэвээрээ юү гэдгийг эхэлж тавина. Дараа нь өмчлөгч нь хэн бэ гэдгийг тодорхойлно. Манайд ТӨК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг салбарын яам, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон холдинг компаниуд өөр өөр түвшинд хэрэгжүүлж ирсэн. Ингэхээр өмчлөгчийн бодлого, салбарын зохицуулалт, компанийн өдөр тутмын удирдлага хоорондоо холилдох эрсдэл үүсдэг. Тиймээс эхний шатанд ТӨК бүрийг дор хаяж бүтэц, засаглал, санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн гэсэн гурван үндсэн чиглэлээр үнэлэх хэрэгтэй. Ер нь санхүүгийн алдагдал гэдэг нь шууд хувьчлах шалтгаан биш, ашигтай байна гэдэг нь ч төрд заавал үлдээх шалтгаан бас биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс энд ярьж байгаа 12 үе шатны гол утга нь бүгдийг хувьчлах тухай биш юм. Харин эхлээд оношил, дараа нь ангил, засаглалыг нь цэгцэл, санхүүг нь бэлд, үнэлгээг нь хий, тэгээд тохирох өмчлөлийн хэлбэрийг сонго гэсэн дараалал. Ингэж байж IPO, хэсэгчилсэн хувьчлал, стратегийн хөрөнгө оруулагч, нэгтгэл, эсвэл татан буулгахын аль нь тухайн компанид тохирохыг бодит үндэслэлтэй шийдэх боломж бүрдэнэ.
-ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгоно гэж цөөнгүй жил ярьж байна. Энэ ажлыг хэрхэн хийх ёстой вэ?
-ЭТТ-г хөрөнгийн биржид гаргах асуудлыг зөвхөн IPO хийх үү, үгүй юү гэдгээр тодорхойлох нь хангалтгүй. Харин яагаад IPO хийх шаардлагатай вэ гэсэн асуултад эхлээд хариулах ёстой. Олон улсын туршлагаас харахад ТӨК-ийг хөрөнгийн зах зээлд гаргах хэд хэдэн үндсэн зорилго бий. Нэгдүгээрт, компанийн өсөлт, хөгжилт, хөрөнгө оруулалтад шаардлагатай урт хугацааны санхүүжилт татах. Төсөв болон төрөөс санхүүжих хамаарлыг багасгах. Олон нийтэд нээлттэй компанийн тайлагнал, аудит, мэдээллийн ил тод байдлын шаардлагыг нэвтрүүлж, засаглалыг сайжруулах. Түүнчлэн мэргэжлийн болон институцийн хөрөнгө оруулагчдыг өмчлөлд оруулснаар ТУЗ, удирдлагын гүйцэтгэлд зах зээлийн сахилга бат бий болгох. Эцэст нь, дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх зорилготой. Гэхдээ IPO хийгээд л сайн засаглал автоматаар бий болохгүй. OECD-ын судалгаанд ч төрийн өмчит компанийг биржид бүртгүүлсэн нь засаглал, гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ч төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн хараат бус байдал, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, мэдээллийн ил тод байдлын асуудал хэвээр үлдэх эрсдэлтэйг анхааруулдаг. Тиймээс ЭТТ-н хувьд эхлээд засаглалаа бэлдээд, дараа нь IPO хийх нь чухал. Тодруулбал, төрийн эзэмшлийн зорилго тодорхой, ТУЗ нь мэргэжлийн бөгөөд бодит эрх мэдэлтэй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан олон улсын стандартад нийцсэн байх нь. Мөн иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны эрхийг тодорхой болгох, ногдол ашиг болон хувьцаа арилжаалах зохицуулалтыг урьдчилан шийдэх шаардлагатай. ЭТТ компанийн гол онцлог буюу гурван сая гаруй иргэн хувьцаа эзэмшдэг гэдгийг онцгойлон авч үзэх шаардлагатай. Тиймээс IPO хийхээс өмнө одоогийн иргэдийн хувьцааны эрх ямар байх вэ, шинэ хувьцаа гаргавал тэдний эзэмшлийн хувь хэрхэх, төр хэдэн хувийг нь хадгалж үлдэх болон стратегийн хөрөнгө оруулагч татах, эсэхээ ил тод шийдэх ёстой. OECD-ын 2024 оны удирдамжаар төр дангаараа өмчлөгч биш болсон тохиолдолд бусад хувьцаа эзэмшигч, тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчид, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тэгш хамгаалах, мэдээллийг бүх хувьцаа эзэмшигчид нэгэн зэрэг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулан ТУЗ-ийн сонголт зэрэг гол шийдвэрт оролцох боломжийг хангахыг зөвлөдөг. Тиймээс IPO-г зөвхөн хөрөнгө босгох арга хэмжээ гэж ойлголгүйгээр, төрийн өмчлөгчийн үүрэг, компанийн засаглал, иргэдийн хувьцаа эзэмших эрх, хөрөнгийн зах зээлийн сахилга батыг нэг дор шинэчлэх институцийн томоохон реформ болохыг умартаж болохгүй.
-ЭТТ-н хувьчлалыг бид илүү сонирхдог нь бараг монгол хүн бүр хувьцааг нь эзэмшдэг онцгой компани учраас тэр шүү дээ.
-Тийм. ЭТТ бол төрийн өмчит бусад компаниас нэг том ялгаатай. Олон сая иргэн хувьцаа эзэмшдэг учраас ЭТТ-н IPO нь зөвхөн компанийн санхүүжилтийн асуудал биш, иргэдийн өмчийн эрхтэй шууд холбоотой томоохон бодлогын асуудал. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшдэг болсон нь IPO хийгдсэн гэсэн үг биш. IPO гэдэг нь хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгож, зах зээлийн үнэлгээ тогтоож, анхдагч болон дараа нь хоёрдогч зах зээлийн арилжааг бодитоор бий болгох илүү өргөн үйл явц. Дээр дурдсанчлан, хувьчлалд бэлтгэх 12 үе шаттай ажлын эхний хэсэгт гурван зүйл онцгой чухал гэж үздэг. Нэгдүгээрт, стратегийн үндэслэл буюу ЭТТ яагаад IPO хийх ёстой вэ гэдгийг тодорхойлно. Хөрөнгө босгох, компанийн засаглалыг сайжруулах, иргэдийн хувьцааг бодитоор арилжаалах боломж бүрдүүлэх, эсвэл олон улсын хөрөнгө оруулагч оруулах гэсэн зорилгуудыг нэг бүрчлэн тодорхойлох шаардлагатай. Хоёрдугаарт, улс төр, институцийн мандат хэрэгтэй. Тодруулбал, Засгийн газар, УИХ, төрийн өмчлөгчийн байгууллага нэг зорилго, нэг дараалалтай ажиллахгүй бол ийм хэмжээний IPO удаашрах магадлалтай. Тиймээс хэрэгжилтийг нэг төвөөс хариуцах өндөр түвшний удирдлага, салбар дундын ажлын бүтэц, тодорхой хугацаа, хариуцлагын тогтолцоо шаардлагатай. Гуравдугаарт, зах зээл болон бодлогын орчны бэлтгэл хийх хэрэгтэй. IPO хийсний дараа компанийн ашигт ажиллагаа, хувьцааны үнэ цэнд сөргөөр нөлөөлж болох төрийн оролцоо, зохицуулалтын гажуудал, ил тод бус үүрэг даалгавар, зах зээлийн бус шийдвэрүүдийг урьдчилан тодорхойлж, цэгцлэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцээд хувьцааны хэдэн хувийг зах зээлд гаргах, төр хэдэн хувиа хадгалах, иргэдийн одоо эзэмшиж буй хувьцааны эрх хэрхэн хамгаалагдах зэргийг шийдэх хэрэгтэй юм. Хэрэв стратегийн үндэслэл, улс төрийн мандат, өмчлөлийн бүтэц, хөрөнгө оруулагчдын эрх, зах зээлийн орчныг эхнээс нь тодорхой болгож чадвал дараагийн үнэлгээ, аудит, андеррайтер болон бирж сонгох, хувьцаа санал болгох ажил илүү бодитой болно.
IPO ХИЙСНЭЭР КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ АВТОМАТААР САЙЖРАХГҮЙ
-Өртэй ТӨК-иудын хувьцааг хэн ч худалдаж авахыг хүсэхгүй дээ.
-Өртэй байна гэдэг нь тухайн компани ямар ч үнэ цэнгүй гэсэн үг биш. Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд өрийн хэмжээ гэхээсээ илүү тэр өрийг юунд ашигласан, компанийн хөрөнгийн үнэлгээ, цаашид мөнгөн урсгал бий болгох боломжтой юу, засаглал нь хэр найдвартай вэ гэдгийг хардаг. Тиймээс бүх өрөө тэглэж дууссаны дараа хувьчилж, хөрөнгө оруулалтын талаар ярья гэвэл хэтэрхий их хугацаа алдана. Тиймээс эхлээд компанийн санхүү, хөрөнгө, өр төлбөрт бодит оношилгоо хийх хэрэгтэй. Ямар өр нь хэвийн бизнесийн зээл вэ, аль нь хугацаа хэтэрсэн, эсвэл тогтвортой бус өр вэ зэргийг ялгана. Үүний дараа өрийн бүтцийг өөрчлөх, шаардлагагүй хөрөнгийг салгах, үйл ажиллагааг нь цэгцлэх боломжтой. Ийм тохиолдолд стратегийн хөрөнгө оруулагчийн үүрэг тун чухал. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг зөвхөн мөнгө оруулж ирдэг тал биш бөгөөд тэд капиталын хамт технологи, менежмент, олон улсын зах зээлд гарах суваг, санхүүгийн сахилга бат, компанийн засаглалын шинэ стандартыг бий болгож чаддаг. Жишээлбэл, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулагчийн үнэ цэн нь зөвхөн санхүүжилтээр хэмжигдэхгүй. Шинэ технологи, автоматжуулалт, өгөгдөлд суурилсан удирдлага, хөдөлмөрийн бүтээмж, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг нь компанийн үнэ цэнийг үндсээр нь өөрчлөх боломжийг бүрдүүлдэг. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагч татахаасаа өмнө төрийн зүгээс юу зарж байгаагаа, ямар компанид хөрөнгө оруулж буйгаа тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн дахин үнэлгээ, өр төлбөрийн нарийвчилсан шинжилгээ, компанийн зах зээлийн бодит үнэлгээ, ирээдүйн мөнгөн урсгалын тооцоо хийх шаардлагатай юм. Тиймээс эхний ээлжид өрийг сохроор төлж дуусгахдаа анхаарах бус, компанийн бодит үнэ цэнийг тогтоож, балансыг нь цэгцэлж, засаглалыг нь шинэчилбэл зохино. Дараа нь тохирох стратегийн хөрөнгө оруулагчийг татна.
-ТӨК-иуд нээлттэй хувьцаат компани болсноор ямар давуу тал үүсдэг юм бэ?
-Нээлттэй хувьцаат компани болохын хамгийн том давуу тал нь зөвхөн хөрөнгө босгоход чиглэхгүй. Харин компанийн үйл ажиллагааг зах зээлийн хяналт, ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээх хариуцлагатай холбож өгдөгт гол ач холбогдол нь бий. Хувьцааг нь олон нийт эзэмшиж эхэлснээр компани зөвхөн төрд биш, бусад хувьцаа эзэмшигчийн өмнө ч хариуцлага хүлээнэ. Хувьцаа эзэмшигчид компанийн мэдээллийг цаг тухайд нь авах, хуралд оролцох, санал өгөх, ТУЗ-ийн сонгууль зэрэг компанийн үндсэн шийдвэрүүдэд нөлөөлөх эрхтэй болно. Ялангуяа төр хяналтын багцаа хадгалсан тохиолдолд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь компанийн засаглалын маш чухал асуудал болдог. Үүнээс гадна биржид бүртгэлтэй компани санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллээ тогтмол, нэг стандартын дагуу ил тод болгох шаардлагатай болдог. Аудит, тайлагнал, мэдээллийн ил тод байдал, холбоотой этгээдийн хэлцэл, өмчлөлийн бүтэц зэрэгт зах зээлийн илүү өндөр шаардлага тавигдана. Энэ нь удирдлага, ТУЗ-ийн үйл ажиллагаанд нэмэлт сахилга бат бий болгодог. Зах зээл нь компанийн гүйцэтгэлийг өдөр бүр үнэлж эхэлнэ. Хувьцааны үнэ, хөрөнгө оруулагчдын сонирхол, компанийн үнэлгээ нь удирдлагад нэг төрлийн зах зээлийн дохио болдог учраас тэр. Мөн ТӨК-ийн томоохон IPO нь тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хэмжээ, арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой. Амжилттай листинг нь төрийн болон хувийн бусад компанид биржээр хөрөнгө босгож болдог юм байна гэсэн жишгийг үүсгэнэ. Институцийн хөрөнгө оруулагчдыг татах боломж ч өсөн. хөрөнгө оруулалтын сан, даатгалын компани, тэтгэврийн сан зэрэг урт хугацааны хөрөнгө оруулагчид зах зээлд орж ирэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр компанийн өмчлөлийн бүтэц мэргэжлийн болж, хөрөнгө оруулагчдын бааз ч өргөжнө.
Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. IPO хийснээр компанийн засаглал автоматаар сайжрахгүй. Төр хяналтын багцаа хадгалсан хэвээр атлаа өдөр тутмын удирдлагад оролцсоор, ТУЗ нь хараат бус ажиллаж чадахгүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдахгүй байвал биржид бүртгэлтэй болсон ч үндсэн асуудал хэвээр үлдэж болно. OECD-ын судалгаанд ч төрийн өмчит компанийн өмчлөлийг өргөжүүлж, биржид бүртгүүлэх нь ерөнхийдөө засаглал, гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой ч зөвхөн листинг хийснээр төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн хараат бус байдал автоматаар шийдэгдэхгүйг онцолдог. Тиймээс ТӨК-ийн IPO-г төрийн өмчийг зарж байгаа үйл явц гэж харахаас илүүтэйгээр зах зээлийн сахилга бат, ил тод байдал, мэргэжлийн хөрөнгө оруулалттай холбож байгаа засаглалын шинэчлэл гэж ойлгох нь зөв. Мэдээж IPO-ийн үнэ тогтоолт, хуваарилалт, жижиг хувьцаа эзэмшигчдийн хамгаалалт, төрд үлдэх хувь хэмжээ бүгд ил тод байх ёстой. Зөв зохион байгуулж чадвал хувьчлал нь өмчийг үнэгүйдүүлэх бус, харин компанийн бодит үнэ цэнийг зах зээлд нийцүүлэн тогтоож, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглал болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болж чадна. Эцэст нь хэлэхэд, дээрх асуултуудад өгсөн хариултууд нь “Төрийн өмчит компанийн IPO бодлогын зөвлөмж” судалгааны зарим хэсэг бөгөөд илүү нарийвчлалтай тоо, баримтыг хавсарган, дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж байдлаар судалгаагаа бэлтгэсэн.
С.Дулам