НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас “Дэлхийн ойн төлөв байдал-2026” тайланг өнгөрсөн сарын сүүлчээр танилцуулсан нь улс орнуудад ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, амьжиргаа, хүнс, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад дорвитой анхаарах сануулгыг өглөө.
Тус тайланд дурдсанаар өдгөө дэлхийн хэмжээнд 1.56 тэрбум гектар (га) талбай ямар нэгэн хэлбэрээр доройтоод буй бөгөөд энэ нь АНУ-ын газар нутагтай тэнцэхүйц хэмжээ аж. Үүнээс ногоон бүс буюу ойн санд хамаарах газар нь 460 сая га гэнэ. 1990 оноос хойш дэлхийн хэмжээнд 489 сая га ой бүрмөсөн устаж, үгүй болжээ.
Одоогоор дэлхий дахинд таван тэрбум гаруй хүний өдөр тутмын амьжиргаа, ундны ус, хүнсний хэрэглээ ойгоос шууд хамааралтай байна. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хуурайшилт, түймрийн нөлөөгөөр жил бүр дунджаар 127 сая га ой “хуйхлагдаж”, эргэн сэргэх боломжгүйгээр сүйдэж байгаа аж. Иймд доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг дээрх байгууллагаас улс орнуудад уриалав. Ойн доройтлыг бууруулах чиглэлээр 91 орон олон улсын хэмжээний, томоохон санаачилгууд гарган ажиллаж байгаа ч нөхөн сэргээхээр төлөвлөсөн газрынхаа 20 хүрэхгүй хувийг нь л хамгаалжээ.
Ойг нөхөн сэргээх томоохон зорилтуудыг биелүүлэхийн тулд дөрвөн гол чиглэлд анхаарахыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зөвлөсөн байна. Үүнд, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүсчилсэн, урт хугацааны төлөвлөлт хийх, төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн уялдаа холбоог сайжруулах зэрэг багтаж буй юм.
Ж.Сувд