Өвөрхангай аймгийн хэмжээнд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй долоон аж ахуй нэгж, байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын зардлаас Арвай хээр сумын ундны усны эх үүсвэрийг сайжруулах, худаг гарган усжуулах ажлыг өнгөрсөн онд хийжээ.
Тэгвэл өдгөө Онгигол дагуух 70 га талбайг хашиж, 515 мянган мод тарихаар болж ойжуулах, мод тарих ажлыг“Ой баясах” ХХК-ийнхнаар гүйцэтгүүлж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Мод үржүүлгийн “Ой баясах” компани нь гэрээний дагуу тарьсан бут, сөөгөө арчлан хамгаалах, амьдрах чадварыг нь нэмэгдүүлэх ажлыг гурван жилийн турш хариуцах бөгөөд байгалиараа ургах нөхцөл бүрдсэн үед нь орон нутагт хүлээлгэн өгөх аж. Онгигол дагуух 70 га талбайд навчит мод бүхий татмын, Хайрхан дулаан сумын Хан хөгшин хайрхны энгэрт 150 га талбайд шилмүүст модны бортоготой тарьцаар уулын ойжуулалт хийх юм байна. Одоогоор татмын ойжуулалт үргэлжилж буй гэв.
Онги нь Монгол орны Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савын томоохон голуудын нэг бөгөөд Хангайн нурууны өврөөс эх аван ойт хээр, хээр, говийн бүсийг дамжин, гурван аймгийн найман сумын нутгаар 435 км үргэлжлэн урсдаг. Тэр ч утгаараа говийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал нөлөө үзүүлдгээрээ онцлогтой.
О.Оргилох