
Зам, тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Бямбацогтыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хууль сахиулах байгууллагынхан баривчилсан билээ. Гэхдээ түүнийг ямар хэрэгт сэжиглэж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй өдийг хүрэв. Зарим хэвлэлд Ж.Бямбацогтыг А.Гансүх, Х.Баттулга, Б.Батзаяа зэрэг хүний холбогдсон Монголын төмөр замын хөрөнгөөс завшиж мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдсэн талаар албан бус мэдээлэл бичжээ.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр төмөр замын хөрөнгөөс завшсан хэрэгт бус, автотээврийн салбарт чухал шаардлагатай төслийн хөрөнгөөс 290 мянган ам.доллар завшиж, угаасан хэрэгт сэжиглэгдэн хоригдсон юм байна. Засгийн газраас Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, авто тээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулах 5.9 сая ам.долларын хөрөнгө зарцуулах тендер зарласан аж.
Энэ ажлын хүрээнд “Автотээврийн хөдөлгөөнийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хянах төв” байгуулах нээлттэй тендер зарлан, Болгарын “Контракс ЕАД” компани шалгарч, GPS, GLONASS хосолсон чиглүүлэх систем нэвтрүүлэх гэрээг 2012 оны арванхоёрдугаар сард байгуулсан юм байна. Төлөвлөгөөнд тусгаснаар энэ ажил 2013 онд багтан дуусаж, 2014 оны эхээр бүрэн ашиглалтад хүлээж авсан гэнэ.
Гэвч хөрөнгөөс нь 290 мянган ам.долларыг Болгарын компанийн туслан гүйцэтгэгч “Пром веста” ХХК-ийн дансаар дамжуулан авч завшсан нь баримтаар нотлогдсон хэмээн хорьсон аж. Энэ хэрэгт Ж.Бямбацогтоос гадна тухайн үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ, газрын дарга Б.Жаргал зэрэг хүн ч холбогдож болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.