
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн болон ХЭҮК-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Үндсэн хуулийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.3-т “Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг ШЕЗ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.
Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч нэг удаа томилно” гэж заасан. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг гурван жилийн хугацаагаар томилох бөгөөд нэг удаа улируулж болох заалт хуульд бий. Харин Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улируулах тухай заалт алга.
Гэхдээ өчигдөр 12.00 цагт хуралдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн зөвлөлгөөнөөр Ц.Зоригийг улируулах тухай санал орж ирсэн сурагтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдахаас өмнө түүнийг томилсон учраас дахин нэг удаа улируулах боломж бий гэж зарим шүүгч үзэж буй гэнэ. Тиймээс ч өчигдрийн зөвлөлгөөнөөр түүний нэрийг ерөнхий шүүгчид дахин дэвшүүлсэн сураг байна.
Мөн өмнө нь тус шүүхийн ерөнхий шүүгч байсан С.Батдэлгэр, шүүгч Б.Батцэрэн, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг зэрэг хүний нэр дараагийн ерөнхий шүүгчид сонсогдож буй юм.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадоржийн уг албан тушаалыг хаших бүрэн эрхийн хугацаа гурван жилийн өмнө дууссан ч түүнийг улираасан, дахин томилсон шийдвэргүйгээр өнөөг хүртэл ажиллаж байгаа аж. Түүнийг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тус комиссын гишүүнээр томилсон бол үдээс хойш нь дарга болгохоор шийдвэрлэж тогтоол гаргасан байдаг. ХЭҮК-ын цахим хуудаст “Комисс нь гурван гишүүнээс бүрдэнэ.
Комиссын гишүүн нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, хүний эрхийн асуудлаар зохих мэдлэг, туршлагатай, ял шийтгэлгүй, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. Комиссын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн УИХ-ын дарга өргөн мэдүүлснээр Их Хурал зургаан жил, комиссын даргыг УИХ-ын дарга санал болгосноор комиссын гишүүдээс гурван жилийн хугацаагаар томилдог” хэмээн танилцуулгадаа бичжээ.
Ж.Бямбадоржийг 2010 онд дарга болгосноос хойш 2013 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан ч улираах шийдвэрийг З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа гаргасан удаагүй юм билээ. Түүний оронд хэнийг томилох тухай яриа хараахан гараагүй ч өөрөө улирахаар нэлээд идэвхтэй хөөцөлдөж буй гэсэн яриа Төрийн ордонд гарч байна.