
нцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам, Хангалтын хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс шалгасаар өдийг хүрч байна. Энэ хэргийг “Маш нууц” хэмээх ангилалд оруулсан ч тэнд нууцлаад байх зүйл огт үгүй гэдгийг олон эх сурвалж баталж буй. Энэ талаар бид өмнө нь ч мэдээлж байв.
Уг хэрэг өдгөө ямар шатанд байгааг бид эргэн сурвалжиллаа. АТГ-ын мөрдөгчид, Сангийн яамнаас болон хөндлөнгийн аудитын байгууллагаас томилогдсон шинжээчид уг хэргийн гол холбогдогч болох Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадамыг дагуулан Өмнөговь зэрэг аймаг, Орбит дахь Аврах тусгай ангид очиж, тендер зарлан авсан эд хөрөнгө, техник хэрэгслүүдийнх нь байдал, үнэлгээ зэргийг нарийвчлан судалж байгаа гэнэ.
Бидний авсан мэдээллээр уг нь Сангийн яамнаас ОБЕГ-ын удирдлагад 2015 оны дөрөвдүгээр сарын 24-нд 6/2362 дугаартай албан тоотоор “Тендер шалгаруулалт чинь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Тиймээс зөрчлөө арилган тендерүүдээ хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг даалгаж байна” гэж мэдэгдэж байж.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтын гарын үсэгтэй, хууль мөрдөж ажиллахыг сануулсан албан бичгийг ОБЕГ-ын удирдлагууд даанч юман чинээ тоосонгүй. Ёстой л нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр үл ойшоон өнгөрөөсний гор гарч, өөрсдөө авлигын хэрэгт холбогдоод байна.
ЭРХ ХҮҮХДЭЭ ӨМӨӨРСӨН ДАРГААС БОЛЖ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭХ ШАХАВ
Өдгөө тус байгууллагынхан хэрэгт холбогдсон дарга, удирдлагаа солигдохыг хүлээзнэн, эл хуль байна. Үүнийгээ дагаад хариуцлагагүй байдал тэнд газар авах шинжтэй. Гамшиг, осол ОБЕГ-ын удирдлага солигдохыг хүлээхгүй. Өнгөрсөн даваа гаригт Налайхын уурхайд болсон осол ч үүнийг илтгэнэ. Онцгой байдлын байгууллага хүний амь нас, эд хөрөнгийг аюул ослоос хамгаалах үүрэгтэй төрийн тусгай алба.
Тус албаны жирийн албан хаагчид ч гэсэн амь насаа үл хайрлан авран хамгаалах тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Үүнийхээ төлөө амиа өргөсөн тохиолдол ч олон. Жирийн аврагч, гал сөнөөгчид нь биелүүлэхийн төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл үнэнчээр зүтгэдэг. Харамсалтай нь, дээд удирдлагад гарсан нөхөд амин хувийн эрх ашгаа дээгүүр тавьж, улсын мөнгийг үрэн таран хийх, идэж завшихдаа ихээхэн зүтгэл гаргадаг нь нууц биш болсон.
ОБЕГ-ын удирдлагууд өнгөрсөн есдүгээр сарын 19-нд харьяа анги байгууллагуудынхаа бэлэн байдлыг шалгаж, түгшүүр зарлахад НОБГ-ын алба хаагчдын дөнгөж тал нь цагтаа цугларч, харин дарга нь хоцорч ирчихээд “надад мэдэгдэлгүй дохио өглөө” гэж шалгалтаар очсон хүмүүст томорсон гэдэг.

Газ-вепрь маркийн машинаас болж ОБЕГ-ын удирдлагын хэргийг нууцад хамааруулжээ
Энэ сарын 7-ны 09.40 цагт Налайх дүүрэг дэх уурхайд гар аргаар нүүрс олборлож байсан гурван хүн 20 метрийн гүнд шороонд дарагдчихаад амь нас нь минут, секундээр хэмжигдэж байхад эдгээр иргэнийг аврах ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын дарга нь тус дүүрэг дэх Уул, уурхайн аврах ангийн дарга нарыг өрөөндөө дуудан загнаад сууж байж.
Юуны учир Уул, уурхайн аврах ангийн том, жижиг бүх даргыг өрөөндөө дуудаж загнасан талаар баттай эх сурвалжуудаас лавлахад дээрх даргын хүү А нь дэслэгч цолтой, тус ангид сургалтын офицероор ажилладаг бөгөөд хамт олон болон дарга нарынхаа талаар аавдаа “алтан хошуу өргөснөөс” бүгд дуудагдсан гэнэ.
Дэслэгч А нь Нийслэлийн аврах ангид ажиллаж байгаад Уул, уурхайн аврах ангид шилжин очоод удаагүй бөгөөд хамт олон нь түүнийг “шоовдорлодгоос” үүдэлтэйгээр бүлгийн даргаас эхлээд ангийн захирагч хүртэлх бүх хүнийг өрөөндөө дуудаж “хална, солино” гэж загнасан аж.
Ингэхдээ урьд өдөр нь ээлжинд гараад 24 цаг үүрэг гүйцэтгэж нойргүй хоносон бүлгийн дарга, өглөө нь ээлж хүлээн авч, бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх ёстой бүлгийн дарга, салбарын дарга нарыг бүгдийг нь дуудсан байх юм. Цэргийн байгууллагын цусаар бичигдсэн дүрмийг зөрчин ийнхүү авирлажээ.
Эрх хүүхдээ өмөөрч ийн авирлаж байхад нь гурван хүн уурхайн гүнд шороонд дарагдаж, Уул, уурхайн аврах ангид дуудлага өгөхөд аврах бүлгийнхэн нь бор зүрхээрээ, ямар ч удирдах албан тушаалтангүйгээр очиж аварсан байна. Аврах ажиллагааг, тэр дундаа уул, уурхайн ослоос хүний амь насыг аварна гэдэг маш их туршлага, эр зориг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаардсан ажил. Шаардлагатай бол амь насаа золих эрсдэлтэй, минут, секундээр хэмжигддэг, хэн дуртай нь хийчихдэг ажил биш гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог.
Гэтэл аврах бүлгийг гардан удирдаж, аврах ажиллагааг гүйцэтгэх ёстой бүлгийн дарга, уг ажиллагааг зохион байгуулан хянаж байх ёстой ангийн захирагч нарыг өрөөндөө номхон зогсоогоод эрх хүүхдийнхээ амаар хов жив ярьж суугаа нь эмгэнэл биш гэж үү. Энэ байгууллага төрийн тусгай алба болохоос эхнэр хүүхдийн хов жив ярьдаг газар биш байлтай.
АЛБА ХААГЧДЫН ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ ЧАНАРГҮЙ БАЙГААД УДИРДЛАГА АНХААРАХГҮЙ, МӨНГӨӨ Л БОДОЖ БАЙЖЭЭ
Сангийн яамнаас ОБЕГ-ын удирдлагад хаягласан 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 6/2362 дугаартай албан тоот бол тус газраас зарладаг олон тендерийн нэгээхэн хэсэг. Тэр дундаа алба хаагчдын хувцас хангалттай холбоотой байгаа юм. Түүнээс өмнө ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал найзынхаа “Орем трейд” компаниас зах зээлийн үнээр гурав дахин өндөр үнээр авсан “Газель” маркийн автомашинууд тендерт заасан шалгууртаа тохирохгүй байгаа талаар олон хүн хэлсэн ч дуугүй байхыг шаардан хүлээн авахуулсан байдаг.
Тусгай тоноглолтой хэмээн тендерийн бичиг баримтад шаардаад байхад, ямар ч тоноглолгүй хоосон амбаартай “Газель”-ийг нэг бүрийн үнэ нь 69.8 сая төгрөгөөр нийлүүлсэн нь Т.Бадрал, Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг шалгах үндэслэл болсныг бид өмнө нь нэг бус удаа уншигчдадаа мэдээлсэн билээ. Өдгөө Р.Дадамыг дагуулан анги салбаруудаар нь явахдаа зөвхөн дээрх хоосон “Газель”-уудыг нь үзээд зогсохгүй, хувцас хангалтын тендерээр авсан гутал, албаны хувцсуудыг нь шинжээд яваа юм билээ, АТГ-ынхан.
Онцгой байдлын байгууллагын олон алба хаагч “Гал сөнөөгчдийн хөдөлмөр хамгааллын хувцасны чанар маш их муудсан. “Нарантуул”-д гарсан гал түймрийг унтрааж явсан гал сөнөөгчийн хамгаалалтын дуулга хайлсан. Усны гутал чанаргүй, дасгал сургууль хийгээд явж байхад урагдчихна. Өдөр тутамд өмсдөг гутал нь хятадад үйлдвэрлэсэн, ганцхан сар болоод урагддаг хиймэл арьсан бүтээгдэхүүн байсан” гэсэн гомдол хууль сахиулах байгууллагынханд нэмж ирсэнтэй холбоотойгоор ийнхүү нягталж буй аж.
Ингээд мөрдөн байцаалтын явцдаа Сангийн яамнаас ОБЕГ-т хаягласан албан тоотыг үндэс болгон шалгалтаа үргэлжлүүлж байгаа гэнэ. 2015 онд ОБЕГ-аас зарласан багц тендерийн 2, 9, 10, 13 дугаарт нь алба хаагчдын ажлын гутал, хувцас худалдан авах тухай байсан аж. Түүнд “Хос аз”, “Абсолют чойс”, “Ти Эл Ти” зэрэг компани оролцсон ч тендерт хэн нь ч шалгараагүй аж. Сангийн яамнаас уг тендерийн бичиг баримтыг тус яаманд ирүүлж, нягтлуулахыг шаардсан ч хүргүүлэхгүй байсаар цаг хугацаа авчээ.
Энэ хооронд ОБЕГ-ын удирдлагын “халаасны” компани нь БНХАУ-д хийлгэчихсэн байсан гэх мэдээлэл одоо ч ОБЕГ-ын алба хаагчдын дунд яригддаг. Уг нь Сангийн яамнаас ОБЕГ-т хүргүүлсэн албан тоотдоо “Захиалагч (ОБЕГ) төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас (СЯ) хүргүүлсэн шийдвэрийг эс биелүүлж, тендер шалгаруулалтад холбогдох гомдлыг хянан шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй гэж үзсэн тул дээр дурдсан багцыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг үүгээр даалгаж байна” гэжээ.
Мөн өөр багцуудад дурдсан даавууны материал нь ч чанарын шаардлага хангахгүй, техникийн тодорхойлолттой нь таарахгүй байсан тул үнэлгээг дахин хийх шаардлагатайг сануулж байж. Ийм байтал 2015 онд Тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян (Шадар сайд У.Хүрэлсүхтэй “Андууд” хамтлагт аргил гитар тоглодог), 2016 онд мөн хорооны даргаар ажилласан дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар алба хаагчдынхаа төлөө ганц ч үг ганхийгээгүй нь харамсалтай.
Манай улсын гутлын зөвлөх инженер нэгэн ОБЕГ-ын албаны хүмүүст “Та нарын шалгаруулсан гутал алба хаагчдын чинь хөлийг мөөгөнцөртүүлж, бөөрнөөс эхлээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлнэ” гэж хэлээд амаа таглуулсан гэдэг юм билээ.
НУУЦЛААД БУЙ “ГАЗ-ВЕПРЬ”- ИЙГ ОРОСУУД 74 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА
ОБЕГ-ын удирдлагын холбогдсон хэргийг нууцлах шалтаг болсон “Газ-Вепрь” хэмээн туулах чадвар сайтай гурван автомашиныг тус газар худалдан авч албан хэрэгцээнд ашиглаж буй юм билээ. Нэгийг нь Аврах тусгай анги, нөгөөг нь Увсын (аавынхаа нутаг), гурав дахийг нь төрж өссөн Орхон аймагт хуваарилан албан хэрэгцээнд ашиглаж байгаа аж. Уг нь ийм машины хэрэгцээ бараг л үгүй, үер ус, ой, хээрийн түймэр байнга гардаг, түймрийн голомтод очиход хугацаа алддаг Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өгсөн бол илүү үр дүнтэй байсан бус уу.
Хуучны “Газ-66” машиныг шинэчлэн сайжруулж, 11 зорчигч тээвэрлэх боломжтой болгосон энэ хувилбарыг оросууд цэргийн, ангийн, аяллын гээд төрөл бүрийн зориулалтаар ашиглаж байгаа юм билээ. Оросын цахим хуудсуудад 1.9 сая рубль буюу ойролцоогоор 74 сая төгрөгөөр борлуулж байна. Аврах ажиллагаанд зориулсан энэ машиндаа алба хаагчид харин ам сайтай. “Газель”-тай ойролцоо үнэтэй болохоор ийм машин албан хэрэгцээнд авахыг ч удирдлагадаа санал болгосон байна лээ.
Интернэтэд ийнхүү үнэ ханш, зориулалт, буутай, буугүйгээрээ зарагдаж буй уг машинаар далимдуулж, холбогдсон хэргээ олны анхаарлаас зайлуулах сонирхол ОБЕГ-ын удирдлагад байгаа нь илэрхий. МАН-ын “Цагаан ордон”-д ОБЕГ-ын удирдлагыг өөрчлөх тухай яриа өдгөө ид өрнөж буй бөгөөд бригадын генерал Т.Бадралыг гадаадад суух атташегаар томилох бололтой.
Татвар төлөгчдийн мөнгийг завшсан хэрэгт холбогдоод хэргийг нь хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байхад шагнаж буй мэт хилийн чанадад атташегийн албан тушаал өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдэж, буруугүй бол түүнийг нь тогтоосны дараа бол ч яах вэ гэх сэн.