
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгөөс завшиж, хувийнхаа дансыг арвижуулдаг нөхөд тус компанид олон байх шиг. Б.Эрдэнэбилэг Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн зэрэг хүний холбогдсон мөнгө угаасан, завшсан хэрэгт дээрх компанийн Япон дахь төлөөлөгч Л.Галт холбогдсон ч Монголдоо ирэхгүй байсаар түүнд холбогдох хэргийг нь тусгаарласан явдал бий.
Тэгвэл төрийн өмчит энэ компанийн ХБНГУ дахь төлөөлөгч Дорждэрэмийг эд хөрөнгө завшсан үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Гэхдээ тэр хүн хилийн чанадад байгаа учраас шалгалт бас удааширч болзошгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан Дорждэрэм нарын хэрэгт холбогдуулж, Ариунбилэг гэдэг хүнийг цагдан хориод байгаа юм билээ. Цагдан хоригдсон сэжигтэн “Би ямар учиртайг нь ч мэдэлгүй, компанийнхаа дансаар дамжуулан Дорждэрэм нарт 500 мянган евро гаргаж өгсөн” хэмээн мэдүүлж буй гэсэн.
Хууль сахиулах байгууллагынхан төрөөс хулгай хийсэн хүмүүсийг нь олж шалгаж чадахгүй, нэгэндээ тусалсан хүнийг цагдан хорьчихоод байгаа нь шударга явдал гэж үү. Төрийн өмчит МИАТ компанийн хөрөнгөөс 500 мянган евро завшсан нь хилийн чанадад дураараа тарвалзаж, жирийн нэгэн бизнесмэн хөлд нь чирэгдэх болчихоод байна.