
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Сэлэнгэ зочид буудлын урд зам дээр 12.00 цагийн үеэр “марк II” загварын машин шатжээ. Жолооч замын хөдөлгөөнд оролцож байх үед машины урд хамраас гэнэт гал авалцахад, бууж галын хор цацсан байна. Гэвч галын хор нэмэр болоогүй тул хамт байсан эмэгтэй нь хажуугийн шатахуун түгээх станцаас нэмэлт хор авчрахаар гүйжээ.
Үүнийг харсан иргэд галын дуудлага өгч, таван минутын дараа гал унтраах, аврах хэсгийнхэн ирсэн аж. Энэ үеэр машины тал нь шатжээ. Тус машин нь байгууллагийн өмч байсан бөгөөд жолооч нь авто засварт оношлогоо хийлгэхээр явж байсан аж. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар Онцгой байдал, цагдаагийн албаныхан ажиллаж байна.
Жолоочийн хэлж буйгаар цахилгааны утас эсвэл мотор шатаж гал гарсан байх гэв. Машинд зорчиж байсан эмэгтэй бэртэж, гэмтээгүй. Харин жолоочийн үс, хувцас нь шатжээ.