
БНХАУ-ын нийслэл дэх Бээжингийн олон улсын зочид буудал (Beijing international hotel)-д энэ сарын 12-нд манай түүх, соёлын хосгүй үнэт бүтээл болох Занабазар бурхныг дуудлагаар худалдлаа. Бид энэ дуудлага худалдаа болохоос өмнө буюу энэ сарын 4-ний дугаартаа “Тус улсын http://english.cguardian.com/ цахим хуудсанд мэдээлснээр энэ дуудлага худалдаанд 52 см өндөр, суурийнх нь өргөн 37 см хэмжээтэй хүрэл цутгамлыг алтдаж шарсан анхдугаар Богд Занабазар бурхныг оруулан худалдахаар товлосон” гэдгийг мэдээлсэн билээ. Бурхныг худалдахаас найм хоногийн өмнө ийнхүү ард түмэн, төр засаг, БСШУСЯ-ныханд мэдээлэл хүргэсэн ч хятадууд 73 сая 25 мянган юаниар борлууллаа. Америк долларт шилжүүлбэл 11 сая 410 мянга, төгрөгт шилжүүлбэл 26 тэрбум 289 саяар зарагджээ.
Бээжинд буй эх сурвалжийн мэдээлснээр дуудлага худалдаа дээр дурдсан зочид буудлаас гадна өөр хоёр газарт явагдсан бөгөөд нийтэд мэдээлээгүй хоёр газрынх нь нэгэнд манай бурхныг борлуулсан гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 45 сая юаниас эхэлж дуудаад өмнөд хөршийн нэгэн иргэн дээрх үнээр авсан аж. Манай сонин харьд худалдаж буй түүх, соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт бүтээлүүдийн талаар тухай бүрт нь мэдээлдэг ч төр засгийнхан, тэр дундаа соёл, боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ганц ч үг ган хийлгүй өнгөрч байна.
АНУ-д үлэг гүрвэлийн чулуужсан яс дуудлагаар худалдахад Ерөнхийлөгч иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, хууль сахиулах байгууллагынхан Монголоос гарсан арга замыг нь тогтоож, үлэг гүрвэлийн чулуужсан яс борлуулдаг, дэлхийг хэрсэн сүлжээг илрүүлэн, эх оронд нь Т.Батаараа авчирч чадсан. Жишиг болохуйц бэлээхэн ийм жишээ байсаар атал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь санаа тавьж болох байлаа.
Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байхад манай түүх, соёлын бас л үнэтэй өв Хятадад зарагдаж байв. Бээжинд жил бүр болдог Бао Лигийн хаврын дуудлага худалдаагаар одоогоос гурван жилийн өмнө “Монголын уул, усны зураг” нэртэй газрын зургийг 80 сая юаниас эхлэн дуудаж, зарсан билээ. Манай улсын 500 жилийн тэртээх түүхийн гэрч болсон Монголын газрын зургийг зарах гэж буйг “Өнөөдөр” сонин анх олон нийтэд мэдээлсэн. Энэ зурагт тухайн үеийн Торгоны замыг дүрсэлсэн байсан гэдэг. Өдгөө “Дундад зууны дэлхийн газрын зураг” гэж нэрийг нь өөрчлөөд буй эл зургийг 1930-аад онд Японы Киото хотын “Фүжисаи Юрикан” гэх алдартай хувийн музейд хадгалж байгаад 2002 онд Бээжинд авчирсан түүхтэй.
Энэ мэтээр өмнөд хөршид маань манай улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээл, дурсгалуудыг үнэ хаялцан наймаалцаж байхад бид харж суусаар л байх уу.