
Монгол орны нийт нутаг дэвсгэрт цас орж, авто замд халтиргаа үүсэн, осол гарах нөхцөл бий болсон учир иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ням гаригийн 13.00 цагаас өчигдрийн 10.00 цаг хүртэл орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох арга хэмжээ авсан.
Энэ хугацаанд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж, 947 зорчигчийг ойролцоох төв суурин газруудад байршуулах, заримыг нь буудалд хоноглуулах арга хэмжээ авсан талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Ингэхдээ 25 чиглэлийн том оврын 27 автобус, гурван таксиг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төвд 26, Төв аймгийн Лүн сумын сургуулийн спорт зааланд 44, бусад 743 зорчигчийг зочид буудалд хоноглуулах арга хэмжээ авсан гэнэ.
Мөн Говьсүмбэр аймгаас 27, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хот руу, 42 зорчигчийг Орхон аймаг руу галт тэргэнд шилжүүлэн суулгасан аж. Үүнээс гадна улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явах төлөвлөгөөтэй байсан 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ.
Гэвч ийн хөдөлгөөн хязгаарлах үеэр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд иргэдийг автобусандаа хонуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар АТҮТ-ийн мэргэжилтэн “Олон нийтийн сүлжээнд цацагдсан уг мэдээлэл худлаа. Зорчигчдыг галт тэргэнд суулгах хүртэл автобусанд байлгасан. Ингэхдээ цайны газарт ойр аваачсан. Хээр, хоол, цайгүй байлгаагүй” гэв.
Мөн энэ үеэр зам, тээврийн осол цөөнгүй гарсан аж. Жилд гарч буй нийт ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай замтай холбоотой гэж олон улсын шинжээчид үзэж буй юм.