
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-нд бүрэлгэснээс хойш 18 жилийн дараа хэрэг нэг тийш болох бололтой. Тагнуулын ерөнхий газар, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, маш нууц байдалд мөрдөн шалгасаар одоогоос жилийн өмнө Орхон аймгаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэсэн хоёр хүнийг сэжигтнээр тооцсон билээ.
Мөн талийгаачийн эхнэр Д.Булган, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарыг гэмт хэргийг үл мэдээлсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож, Д.Булганыг хэсэг хугацаанд цагдан хорьсон. Уг хэргийг өнгөрсөн сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэмээн мэдээлж байсан бол өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн Прокурорын газраас сарын хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн аж. Тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч хэрэгтэй танилцан, илтгэх шүүгчийг хараахан томилоогүй байгаа юм билээ.
Шүүгч хэрэгтэй 30 хоногийн хугацаанд танилцаад, шаардлагатай бол дахин нэг сараар сунган хэргээ уншиж, улмаар шүүхээр хэлэлцүүлэх болсон гэж үзвэл хурлыг товлох, нэмж тодруулах зүйл байвал мөрдөн байцаалтад буцаах эрхтэй. Тиймээс илтгэх шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон бусад шүүгч хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцсаны дараа хурлын тов тодорхой болох юм.
Харин хэрэгт холбогдсон дээрх хоёр хүний ар гэрийнхэн “Тагнуул, цагдаагийнхан хүчээр хэрэг хүлээлгэх гэж байна. Тухайн үед сэжигтэн хоёр хүн нэг нь аавтайгаа хадлан хадаж, нөгөө нь Дорноговиос Орхон аймаг руу шилжиж байсан” хэмээн хэвлэлийн хурал хийж мэдэгдээд байгаа билээ.