
Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1971 онд байгуулсан гэрээ (тэр үед протокол гэж байсан)-г эрс эсэргүүцэж буйгаа хэлсэн юм. Тус протоколд “Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор Улаанбаатарт 40 мянга, Дарханд 10 мянган ам метр талбай бүхий орон сууцыг хугацаагүй, буцалтгүй, татвар хураамжгүй, төлбөргүйгээр ЗХУ-д шилжүүлнэ” хэмээн дурдсан байдаг.
Гэвч 1992 онд Үндсэн хууль, Газрын тухай хууль батлагдаж, гадаадын байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр газар эзэмшүүлэхээ байсан тул дээрх гэрээ дуусгавар болох ёстой байв. Тэгтэл гэрээ дуусгавар болох нь битгий хэл ОХУ-ын тал эдгээр байрыг “Даяар хас” ХХК-иар дамжуулан 15.000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлж, мөнгийг нь Украины банкаар шилжүүлэн авч байгаа төдийгүй манай улсад ямар ч татвар төлдөггүй гэнэ.
Түүнчлэн түрээсээ үндэслэлгүй нэмэх, оршин суугчдыг дур мэдэн хөөж гаргах, дулаан, цахилгааныг таслахаас гадна бүр зодож байгаа аж. Үүнийг эсэргүүцсэн иргэд 1996 он хүртэл Засгийн газарт удаа дараа хүсэлт явуулсны эцэст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевийг айлчлах үеэр түүнтэй тохиролцож, эхний найман байрыг үнэ төлбөргүйгээр манай улсад буцаах “Стратегийн тунхаг бичиг”-т гарын үсэг зуржээ.
Гэвч орон сууцыг ОХУ-аас буцааж аваагүй гэх шалтгаанаар өгөхгүй байгаа гэнэ. Тиймээс тус байрны иргэд УИХ, Ерөнхий сайдад хүсэлт явуулжээ. Үүнд 1971 онд байгуулсан хоёр улсын протоколыг хүчингүй болгож, 1992 онд чөлөөлсөн найман байрыг иргэдэд яаралтай хувьчлах асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Хэрэв тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол түрээслэгчид тэмцэнэ гэдгээ анхаарууллаа.