
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууран дээгүүр явж байсан “Зил 130” маркийн ачааны автомашин өчигдөр өглөө живжээ. Уг машинд явж байсан жолооч болон хоёр хүн машинаасаа амжин гарч чадсан бөгөөд 09.34 цагт аймгийнхаа Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу тус хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын дарга, ахлах дэслэгч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан аврагчид 12.00 цагт газар дээр нь очиж, машиныг “Урал”-аар татаж гаргахаар болсон аж. Уг машин нуурын эргээс 34 метрийн зайтай газарт дөрөв орчим метрийн гүнд байгаа гэнэ. Цэнгэл бол нэг км урт, 800 метр өргөн, гадагшаа урсгалгүй давстай нуур юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтсийн мэдээллээс үзвэл энэ сарын эхний 10 хоногт манай орны жижиг, дунд хэмжээний гол, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч хүн, мал, машин явах хэмжээнд хүрч зузаараагүй байгаа аж. Тэгвэл томоохон, гол нууруудын мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйж байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, дэд хурандаа Ё.Пүрэвсүрэнтэй өчигдөр 18.00 цагийн үед утсаар холбогдон, зарим зүйлийг тодрууллаа.
-Цэнгэл нууранд живсэн машиныг татаад гаргачихсан уу?
-Бараг л гаргаж байгаа байх. Тэнд гар утасны сүлжээ барихгүй байгаа тул мэдээлэл авч чадаагүй байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол мөсөө гудамлаад (хэсэг хэсэг болгож хөрөөдөн, ухаад) дуусаж байсан. Нар жаргахаас өмнө татаж гаргана гэж байсан.
-Нуурын мөс хэр зузаан байсан юм бол?
-25-30 см.
-Тэд яагаад нуураар явсан юм бол?
-Цас ихтэй болохоор замаа алдаад мөсөн дээр гарснаа мэдээгүй юм билээ.
-Гэр бүлийн хүмүүс юм уу. Усанд норсон уу, биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Гэр бүлийн хүмүүс. Идшиндээ явж байсан юм билээ. Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас хүмүүс бүхээгнээс гарч амжжээ. Нороогүй, хувцас нь хуурай.
-Тэд шатахуун ачиж явсан гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Чиргүүлгүй, ямар ч ачаагүй явж байсан гэсэн мэдээлэл манайд ирсэн.