
Хүй долоон худагт байгуулсан “Монгол наадам” цогцолборыг өргөжүүлж, дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг болгох зорилгоор тэнд “UB Resort” цанын бааз нээхээр болжээ. “Хүй долоон худаг хэдийгээр Улаанбаатар хотын төвөөс 32 км-т оршдог ч засмал зам, дэд бүтэцтэй холбогдсон, хамгийн гол нь салхиныхаа дээр байрлалтай учраас маш цэвэр агаартай.
Тиймээс тэнд орчин үеийн цанын бааз барихаар төлөвлөсөн. Энэ өвөлдөө бид иргэдэд цана, чаргаар гулгах, мөсөн шагай харвах, мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлэх боломж олгохоор бэлтгэл ажилдаа орсон. Тун удахгүй дээрх бүтээн байгуулалтын ажлууд дуусаж, нийслэлийн иргэдэд үйлчилнэ” хэмээн “Монгол наадам” цогцолборын менежер Я.Болдбаатар ярилаа.
Орчин үеийн стандартад нийцсэн цанын бааз байгуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төр, хувийн хэвшил хамтран шийдэж байгаа бөгөөд ирэх өвөл гэхэд илүү томоохон бүтээн байгуулалтын ажил Хүй долоон худагт өрнөсөн байх аж. Харин тус цанын бааз иргэдэд харьцангуй хямд үнээр үйлчилнэ гэдгийг албаныхан амлаж байна.