
“Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг эрүүгийн хэрэгт шалгаж байгаатай нь холбогдуулж хилээр гарахыг нь хориглосон тогтоол прокурор баталсан. Гэвч танил тар, ар өврийн хаалга ашиглан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргах захирамж батлуулснаасаа хойш нэг их удалгүй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил гарах гэж байгаад саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Гадаадын иргэн харьяатын газрын Алтанбулаг боомт дахь салбарын ажилтнууд хилийн хоригтой хүн ирсэн учир саатуулан тус аймгийн Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн ажилтан, ахлах ахлагч Г.Энхтүвшинд хүлээлгэн өгсөн атал нөгөөх нь албан үүргээ биелүүлэлгүй тавьж явуулснаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж, багагүй зардал чирэгдэл гаргасан юм.

Г.Нямдоржийг цагдаад хүлээлгэн өгсөн баримт
ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шаргуу хөөцөлдсөний эцэст Г.Нямдоржийн байгаа газрыг олж тогтоон, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамт Хэнтий аймгийн Норовлин сумаас хойд зүгт орших ууланд очиж, өнгөрсөн даваа гаригийн 03.00 цагийн үед нуугдсан газраас нь баривчилжээ.
Тэрбээр Хэнтий болон Эрээний нурууны хөвчөөр дамжин хил давахаар төлөвлөж байсан бололтой, нэлээд зүйл бэлтгэсэн байсан. Бусдын эд зүйлийг айлган сүрдүүлж авсан хэргийнх нь бусад холбогдогч нь эд зүйл хүргэж өгсөн байсан гэх мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өгсөн юм. Ингэж оргох ажилд нь Г.Нямдоржийн хамаатны улсын цолтой бөх, өөр нэг хүний хамт тусалсан байх магадлал бий гэнэ.
Цагдаагийнхан тэр хоёр хүнийг нь саатуулсан тухай мэдээлэл ч байгаа юм. Нутгийн өөр нэг иргэний мэдээлснээр адуу мал хулгайлж, туун хил давуулдаг хүмүүсийн явдаг нууц замаар ОХУ руу гарахаар төлөвлөж байсан бололтой. Түүнийг ийнхүү оргож алга болоход нь хэргийн хохирогч, гэрч нар нь “хэзээ ирж дахин дарамтлах бол” хэмээн бөөн айдас, түгшүүр дунд хэд хоногийг өнгөрөөсөн нь гарцаагүй.
Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Г.Нямдорж хил давж зугтахын тулд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхнээр захирамж гаргуулсан. Үдээс өмнө хэлэлцэх байсан, хорьж мөрдөх хугацааг сунгах, эсэх хурлыг үдээс хойш болтол хойшлуулаад 16.00 цаг өнгөрч байхад хэлэлцэн, захирамжид эсэргүүцэл бичих боломж прокурорт олголгүй шийдвэр гаргасан нь анхнаасаа зохион байгуулалттай хийсэн хэрэг мэт.
Эрүүл мэндийн байдал нь муу хэмээн батлан даалтад гаргах шийдвэр шүүх гаргасан атал нөгөө бие муутай хүн нь ой хөвчид очоод хил давж зугтах бэлтгэл хийж байдаг. Г.Нямдорж хэрэгт холбогдоод шүүхээр хэргийг нь шийдэх болоход хил давж зугтсан тохиолдол нь анхных ч бус. 2011 онд тэрбээр БНХАУ-аар дамжин Өмнөд Солонгос улс руу гарч байсан удаатай.
Өмнө нь ял шийтгүүлж байсан, гэмт хэрэгт дахин нэр холбогдон, иргэдийг айлгасан “Мунзуй” Г.Нямдорж, “Гандан бороо” хэмээх Ч.Батхуяг (хар тамхи, бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт шалгуулж байгаа), Туул голын эрэгт галт зэвсэг хэрэглэж танхайрсан хэрэгт холбогдоод буй “Доён” гэх У.Болд, хар тамхи, зэвсэгт дээрэмтэй холбоотой байж болзошгүй “Ландага” хочтой Ё.Батцэнгэл, мөрийтэй тоглоом, зэвсэгт дээрмийн хэрэгт холбогдсон “Шош” гэгдэх Н.Ариунгэрэл зэрэг хүмүүсийн гэмт үйлдлийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай илрүүлж, саатуулан сайн ажиллаж буй.
Харамсалтай нь, өнөөдөр шүүх, хүний эрх гэж сэжигтэн, яллагдагчийн эрхийг хамгаалах талаар л яриад байдаг хэрнээ хохирогч, гэрчийн эрх ашгийн талаар юу ч хийдэггүй, тэдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдсэн этгээдээс айж түгшин хоног өдрийг өнгөрөөж байх вэ дээ.