
Гар утасны төлбөрөө төрөөр төлүүлдэг 248 албан тушаалтан байдаг аж. Тэдний 107 нь УИХ, түүний харьяа, 52 нь Засгийн газар, түүний харьяа, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм байна. Тэдний гар утасны төлбөрт төсвөөс жилд 265 сая төгрөг зарцуулдаг байжээ.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас үүнийг болиулж, албан тушаалтнууд өөрсдөө төлбөрөө хариуцахаар боллоо. Ингэснээр энэ оны төсвөөс 90, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 2016 оны төсвийг тодотгосноор сүүлийн дөрвөн сард тэдэнд зориулсан гар утасны зардлыг 100 хувь хассан юм байна.
1999 онд Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байжээ. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байсныг хүчингүй болгосон байна.
Мөн төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлэх аж.
Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын газрын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг нь зарцуулах шаардлагагүй болж байна.