
“Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газарт хавтаст хэргийг шилжүүлсэн гэх мэдээлэл дугаар шилжих мөчид бидэнд ирлээ. Прокурор, мөрдөн байцаах байгууллагын албаны эх сурвалжуудаас уг мэдээллийг тодруулахад “Б.Батзаяа, Ли Жонг Ёл, А.Гансүх зэрэг хүмүүст холбогдох хэргийг шалгаж дуусаад шилжүүлсэн нь үнэн” гэсэн юм.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилсан, завшсан, Хонконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МТЗ компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа нарыг сэжиглэн шалгаж, дээрх хүмүүсийг энэ оны долдугаар сарын 20-нд яллагдагчаар тооцсон билээ.
Нэлээд удаан хугацаанд сүр дуулиантай шалгасан уг хэрэгт татагдсан “Самсунг Си энд Ти” буюу SCTECM-ын захирлаар ажилладаг БНСУ-ын иргэн Ли Жонг Ёлыг ч бас яллуулах саналтайгаар шилжүүлээд буй аж. Харин уг хэрэгт холбоотой ч, хилийн чанадаас ирэхгүй байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлаад байгаа юм.