
УИХ-ын гишүүн асан Б.Болор Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн 51 хувийг 49 хувиас нь доогуур үнэлж, худалдан авсан талд нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг эзэмшүүлэх нууц бөгөөд хууль бус тушаал гаргасан гэсэн шуугиан дэгдээд буй. Түүнээс энэ асуудлаар цөөн асуултад хариулт авлаа. Б.Болор энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байсан юм.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явц нь хууль зөрчсөн гэсэн асуудал сөхөгдөхөд таныг нууц тогтоол гаргасан гэх яриа гарсан. Үүнд тайлбар өгөөч?
-ОХУ өөрийнхөө мэдлийн 49 хувийг Монголын компанид худалдсан. Энэ бол хувьчлал биш. Монголын төрийн мэдлийн 51 хувь хэвээрээ л байгаа. Оросын талхувиа зарсны төлөө энд манайхан юуг буруутгаад байгааг ойлгохгүй нь. Нууц тушаал бол 49 хувийг худалдан авснаас хойших асуудал. Засгийн газрын тогтоол надад нууцаар ирсэн учраас нууц тушаал гаргасан. Одоо бүх зүйл ил болсон учраас ярьж болох байх.
Энэ тушаал нь ТУЗ-өө яаралтай байгуул, компанийн дүрмээ Монгол Улсын хуульд нийцүүл гэсэн агуулгатай. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг хоёр улс хамтарч эзэмшдэг байсан учраас олон улсын эрх зүйн зохицуулалт үйлчилдэг байв. Одоо 100 хувь Монголын эзэмшилд ирсэн тул манай хууль, дүрэмд захирагдах ёстой.
Шулуухан хэлэхэд, сүүлийн 20-иод жил улстөрчид “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж, шахааны бизнес хийж ирлээ. Эндээс олон улстөрч тэрбумтан болсон. Нэгдүгээр сард шалгалт хийхэд ноцтой зөрчлүүд илэрсэн учраас нэгэнт хувийн компанид 49 хувь нь шилжиж ирсэн юм чинь хяналтаа сайжруулан, шахааны бизнесийг зогсоог гээд ТУЗ-өө шинэчлэх асуудлыг тавьсан. Ингэснээр төр хяналтгүй болно гэж зарим хүн тайлбарлаад байна.
Хяналтгүй болох ямар ч үндэслэл үгүй. Төр 51 хувиа эзэмшиж буй тохиолдолд татварын байгууллага, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа гээд аль ч талаас нь хянах бүрэн боломжтой. Европын улсуудад төрийн өмчит компаниудын удирдлагыг цөөнхөөс томилдог жишиг бий. Ингэснээр компанийн засаглал илүү оновчтой болдог. Удирдлагыг төрөөс томилохоор улстөржилт хэрээс хэтэрдэг. Үеийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг улстөрчид удирдаж ирсэн.
-49 хувийг худалдаж авсан мөнгөний эх үүсвэр бас анхаарал татаж байгаа. Энэ мөнгөнөөс татвар авсан уу?
-Татвар төлсөн үгүйг хэлж мэдэхгүй байна. Энэ мөнгө хууль ёсных уу, эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг Монголбанк шалгаж буй гэж ойлгож байгаа.
-Уг асуудалтай холбогдуулж таныг шалгаж байгаа юу?
-Засгийн газрыг шалгуулахаар өгсөн гэж ойлгосон. Хувь хүн рүү чиглэсэн юм бол алга л байна.