
Маргааш Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголд хийх ес дэх удаагийнхаа айлчлалыг эхлэх гэж байна. Энэхүү айлчлалтай холбоотойгоор Гандантэгчилэн хийдээс олон нийтэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв лам хэлэхдээ “Дээрхийн гэгээн XIV Далай лам 9 дэх удаагаа Монголд залрах гэж байна. 1979 оноос хойш найман удаа айлчилж сүсэгтэн олноо баярлуулж ирсэн. Энэхүү айлчлал нь улс төрөөс ангид, цэвэр номын айлчлал юм. Энэ талаараа хамгийн сүүлд 2011 онд айлчилж байх үеэрээ Их тэнгэрийн аманд хэвлэлийн бага хурлын үеэр дурдаж байсныг ард түмэн санаж байгаа байх. Номын айлчлалын хүрээнд нэн ховор номнуудыг Монголын сүсэгтэн олонд зориулж айлдана. Тодруулбал, Богд ламын Ван хишиг, Шар жигжидийн цаван гэсэн хоёр номыг голчлон айлдана.
Далай багш маань нас өндөр болсон. Тиймээс Далай багшийн бие лагшны байдлаас хамаарч хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орж магадгүй. Маргааш буюу энэ сарын 18-нд Далай багш морилон ирэх учир тус өдөр ямар нэгэн арга хэмжээ, номын арга хэмжээ болохгүй.
- 11 сарын 19-нд цэвэр номын арга хэмжээ явагдана.
- 11 сарын 20-нд сүсэгтэн олонд хандан ном хурна.
- 11 сарын 21-нд эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш нар оролцсон эрдэм шинжилгээний хурал болно.
- Хамгийн сүүлд оюутан, залуустай уулзалт хийнэ. Айлчлал энэ дөрвөн үйл ажиллагааны хүрээнд л явагдана. Тиймээс X Богдыг тодруулах асуудал энэхүү айлчлалд багтаагүй.