
Маршал Х.Чойбалсан БНМАУ-ын хошой баатар болсныг болон мэндэлснийх нь 50 насны ойг тохиолдуулан, армийн зэвсгийг сэргээн засварладаг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийнхан 1945 онд энэ бичгийн хэрэгслийг урлан, түүнд дурсгажээ. Монгол цэргийн музейд хадгалж буй, 25х55х35 см хэмжээтэй эл бичгийн хэрэгслийг гууль, төмөр, шил ашиглан бүтээсэн байна. Танк, миномёт, пулемёт, их буу, бөмбөг зэрэг зэвсэг дүрсэлсэн уг дурсгал цаг, асаагуур, бэхний сав, үзэгний суурь, түүний хөрөг зурагтай. Тус музейн боловсролын ажилтан, тайлбарлагч М.Бямбарагчаа “Маршал Х.Чойбалсангийн комиссар байсан, Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн манайд зочлохдоо үүнийг үзээд “Түүний ширээн дээр ийм хэрэгсэл байхыг би үзээгүй” гэсэн. Тэгэхээр дурсгаж өгснийг нь хэрэглэлгүй хадгалж байсан бололтой. Дөрвөн хүрээнд нь маршал цолны ханцуйн тэмдгийг дүрсэлсэн энэ бичгийн хэрэгслийг армийн уран гартнууд чадварлаг бүтээсэн юм” гэв.