
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 17-ноос цочир хүйтэрч, цаг агаарын аюулт үзэгдэл үүсэх төлөвтэй байгааг мэдээлж буй. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын хэмжээнд энэ сарын 17-ноос 30-ны өдрийг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ. Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд хариуцлагатай жижүүрийг салбарын бүх байгууллагуудад томилж, цаг агаарын хүндрэлтэй байдлыг даван туулахад шаардлагатай төлөвлөгөө гарган зохион байгуулахыг ИНЕГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Авто тээврийн үндэсний төв, УБТЗ ХНН зэрэг байгууллагуудад үүрэг өглөө.
Цаг агаарын байдалтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл гарч, тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөлд УБТЗ ХНН-тэй хамтарч зорчигчдыг дамжин суух нөхцлийг бүрдүүлэхээр бэлтгэх аж. УБТЗ ХНН нь цаг агаарын аюулт үзэгдэл үүссэн хугацаанд зорчигчийн вагоны тоог нэмэгдүүлж, нэмэлт төлбөр хураамж авахыг түр зогсоох арга хэмжээ авахаар боллоо.
Харин Зам, тээврийн хөгжлийн төвөөс халтиргаа, гулгааны эсрэг бодис, элс, давсны нөөцийг бүрэн бүрдүүлж, машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдын хувцас хэрэгслийн хангамжийг яаралтай хийж дуусгахыг салбарын сайд үүрэг болгов.