
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголд айлчилж буй. XIV Далай өнөөдөр сүсэгтэн олонд зориулан Буянт-Ухаа спорт цогцолборт Богд ламын ван авшиг айлдсан юм. 5000 хүний багтаамжтай Буянт-Ухаа цогцолборт сүсэг олон багтахгүй байсан ажээ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголд айлчилж байгаатай холбогдуулан түүний сургаалаас хүргэж байна.
Хүний амьдралын зорилгын тухай
Бид бүхэн хар шар, баян ядуу тэр бүү хэл өөрийн аливаа ухамсарт бодол санаанд огтхон ч хамааралгүйгээр үргэлжид урган гарч ирдэг томоохон асуултын нэг нь "Хүний амьдралын зорилго юу вэ?" гэдэг билээ. Энэ талаар Далай лам айлдахдаа "Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн" гэдэгт би итгэдэг гэсэн байдаг.
Амар амгаланд хүрэх арга
Нэгэнт зорилго маань амар амгалан мөн учир янз бүрийн аргыг хэрэглэх нь зүй юм. Гэвч тэр бүхний сайн, муу үр дагаврыг нягтлан шинжих нь зүйтэйг сануулсан билээ. Энэ нь одоо хийгээд ирээдүйн ашиг сонирхолын зааг ялгааг ухаарах учиртайг анхааруулж байгаа бөгөөд ингэж чадваас ач холбодол нь маш их юм. Аливаа юмсыг нөхцөл байдлынх нь дагуу авч үзэх нь зүйтэй.
Амар амгаланг бид сэтгэл дотроо бүтээн бий болгох нь чухал гэдгийг тэрээр онцлон захисан байдаг. Тиймээс "Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно" гэж үздэгээ Далай лам бээр илэрхийлсэн юм. Асрах, нигүүлсэх сэтгэлийг бид бусдын төлөө үүсгэх нь зүйтэй. Энэ тухай тэрээр "Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид аяндаа зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна" хэмээсэн байна.
Өөрийн хүч чадалдаа найдах нь зөв
Хүн төрөлхтнийг энэ ертөнцийн дээд заяатан хэмээн би боддог хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Бидэнд байгалиас заяасан тэр чадамжийг хөгжүүлснээр өөрт болон бусдын төлөө сайн сайхныг бүтээж чадна. Гагцхүү хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл гэдгийг онцлон айлджээ.
Хүсэл нь сайн муу хоёр янз
Хүслээс эерэг болон сөрөг үр дагавар үүдэн гарна. Жишээ нь эерэг үр дагавар гарах хүсэл нь Бурханы шашны үзлээр хамаг амьтанд тус хүргэх, нөгөө нь хамаг амьтанд туслахын тулд бүрэн гэгээрэл олох явдал юм. Харин хүслийн сөрөг үр дагавар нь эд баялаг руу чиглэсэн сонирхол өдөөж, үргэлж хомхойрч, ямагт ихийг хүсдэг болгодог. Ингэснээр сайных нь үрд гэгээрэлд хүрдэг бол сөргийнх нь эрхээр хүсэл нь гүйцэлдэхгүй гачигдах, дутагдах зовлонд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй амьтан болдог хэмээжээ.
Өөрөө хичээвэл хүн өөрчлөгдөнө
Аливаа юмс гэнэт өөрчлөгдөнө гэж үгүй. Өөрт буй муу гэмээс хагацаж, өөрчлөгдөхийг хүссэн хүн ямар бодол санаа ашиг тустай байдгийг шинжлэн үзэх нь чухал гэж тэрээр захисан байна. Хүний сэтгэл олон янзын өнгө төрхтэй бөгөөд тоо томшгүй санаа бодлыг агуулж явдаг. Түүнийг нөхөр ба хорт сэтгэл гэж хувааж болно. Ингэж чадах нь оюун сайтайн шинж бөгөөд нөхөр сэтгэлийн үнэ цэнийг санаж, дэлгэрүүлж байх нь чухал. Харин хорт сэтгэл хөдлөлийг таслан зогсоож бай. Хорт сэтгэл хөдлөл гэдгээр уур хилэнг авч үзсэн байна. Хоромхон зуурт зовлонг тарих, айдас түгшүүр бий болгох улмаар гай гамшиг дагуулах хүчтэй учир хорт хэмээн тодорхойлж байгаа ажээ. Уур хилэнг хорьж сэтгэлээ тайвшруулах арга бий. Энэ нь шалтгаант үйл явцыг таслан зогсоохын тулд эхний үе шатаас л тухайн байдлыг хянаж байх нь чухал.
Бусад хэмээн бодох нь өөрт халгаагүй
Өнөөгийн дэлхий дахины харилцаанд бодхи сэтгэлийн хандлага нь маш зохимжтой талаар Далай лам айлдсан. Дэлхийн улс гүрний харилцаа гэдэг угтаа хүн нэг бүрийн харилцаа юм. Энэ нь бусад хэмээх өөрөөс ангид барих аминч үзэл улам бүр хэрэггүй болсоор байгааг илэрхийлж байна. Хэрэв бусад хэмээх үзэлдээ баригдан тэдний сайн сайхныг умартваас өөрөө муу чигээрээ үлдэнэ. Аливаад бусдыг золиослон ашиглаваас адаг сүүлдээ алдаанд хүрнэ. Эргээд таны төлөө санаа тавих нөхөдгүй болох юм. Харин энэ бүхний эсрэг хэн нэгэн бээр нигүүлсэхүй ба бодхи сэтгэлтэй байх аваас найз нөхөдтэй болно. Үүнд хол газар явж, олон хүнтэй уулзсан гэх мэт шалтгаан ямар ч хамааралгүй юм. Танд золгүй явдал тохиолдвол танд гар сунгаж туслах хүн огтхон ч мундахгүй.
Бүх юм хоосон чанартай
Бид өөрсдөө хоосон чанартай юм. Учир нь би гэдэг бодитой байгаа юм шиг боловч яг би хаана байна вэ гээд сайтар хайх юм бол бодитойгоор олдоггүй юм. Квант физикийн үүднээс ч ямар нэг юмс үзэгдэл сайтар ажиглавал эцэстээ тодорхойгүй юм болж байна гэж үзсэн. Тэрэнтэй адилхан бурхны сургаалд бид бие гэж бодоод байдаг. Яг тэр бие маань хаана байна гээд сайн хайвал олдохгүй болчихдог. Бүх юмс хоосон чанартай. Үүнтэй адил намайг бүрдүүлж байгаа бие сэтгэл тэргүүтэй гадна дотны бүх юмс нэр төдий оршихоос бус өөрийн мөн чанараас бүтсэн юм байхгүй. Ингээд хоосон чанарыг бясалгаж, энэ сэтгэлийн хүчээр бидний сэтгэлд бүх юм бодитой байгаа гэж бодогдож байгаа бүхэн арилна.
Үнэнч нөхөрлөл юунд үндэслэх вэ
Мэдээж та хэн нэгэнтэй бусад гэсэн холд барих үзлээр ханддаггүй байх ёстой. Үнэнч нөхөрлөл мөнгө, албан тушаалд бус хүний сайхан чанар дээр үндэслэдэг ажээ. Эд баялаг дээр үндэслэсэн нөхөрлөл өнөөх зүйл нь үгүй болонгуут л эвдрэн одно. Цаг үргэлжид шавж, утсыг чинь улайсгадаг найзууд үгүй болно. Та үүнд гайхах хэрэггүй бөгөөд ийм хүмүүсээс аль болох нөхөрлөх, туслалцаа авах гэхээс зайлсхийж байх нь зүйтэй.
Жинхэнэ үнэнч нөхөрлөл бий болгохыг хүсвээс бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг, тэдэнтэй ихээхэн илэн далангүй, үнэнч харилцаж чаддаг байхын төлөө суралцах ёстой. Хүний сайхан чанар гэдгийг тэрээр "ариун сэтгэлээр өдөөгдсөн өрөвдөхүй, санаа зовнихуй, үнэнч шударга зан, сахилга жаяг хийгээд оюун ухаан юм" хэмээн тодорхойлсон билээ. Сайхан чанараа хөгжүүлж чадах эсэх нь өөрийнхөө хүч боломжийг чадварлаг ашиглаж чадсан үгүйд харгалзана.
Ухамсар
Бусдын мянган алдааг олж харснаас өөрийнхөө нэг гэмийг ухамсарлах нь танд ашигтай. Өрөөл бусдыг голж гоочиллоо гээд эв найрыг бусниулж, хагарал зөрчлийг нэмэхээс цаашгүй. Тэднийг байгаагаар нь хүлээн ав. Бусдын тухай ярих гэвэл сайн сайхныг л ярьж бай. Хэн нэгнийг гутаан доромжлох гэвэл амаараа дүүрэн баас үмхэж байна гэж өөрийгөө төсөөл. Муу зуршлыг чинь тас цохих үр дүнтэй арга шүү.