
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бямба гаригийн 13.10 цагт “Гандантэгчэнлин” хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбай дээрээс Монголын нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлнэ гэдгийг дуулсан сүсэгтэн олон 11.30 цаг гэхэд хэдийнэ Гандангийн хашааг дүүргэсэн байлаа. Гадаа 19 градусын хүйтэн байхад даарсан шинжгүй, өнгө өнгийн хадаг яндар намируулсан сүсэгтнүүд гурван давхар төмөр хашааны наана цаана гарах гэж цагдаа, хамгаалалтын албаныхантай “тулалдав”.
20 япон Далай багшид бараалхахаар очоод, бүгд эвтэйхэн дугаарлаж зогсож байгаад адис авчихдаг бол 10 монгол чи, би хэмээн хоорондоо ноцолдсоор хэн нь ч мөргөж чаддаггүй гэсэн хошин яриа энэ үед эрхгүй санаанд оров.
Манайхны л араншин болсон хойно “Далай багшийн машин орж ирлээ” гэнгүүт төмөр хашаануудыг сэтлэх нь үү гэлтэй, урагш түрэн дайрч байснаа харин Дээрхийн гэгээнтнийг гараараа далласаар индэрт гараад ирэнгүүт нам гүм болцгоосон юм.
“Монголын сүсэгтэн олон хийгээд лам хуврагууд үе үеийн Далай ламтай олон зуун жилийн турш номын барилдлагатай явж ирсэн. Та бүгдийн сүсэг бишрэл хуурмаггүй, үнэн хүчтэй байгааг харахад сайхан байна. Өнөөдөр миний та бүхэнд хэлэх гэсэн зүйл бол дотоод сэтгэлийн амар амгалангийн тухай юм. Барууны өндөр хөгжилтэй олон оронд би очиж, ард иргэдтэй нь уулзаж байсан. Гаднаас нь харахад тэр хүмүүс аз жаргалтай юм шиг боловч ярилцаад үзэхээр сэтгэлийн зовинол, шаналал ихтэй байгаа нь ажиглагддаг.
Гаднаас харагдаж байгаа энэ хөгжил дэвшил нь хүний таван мэдрэхүйг л аз жаргалтай болгодгоос биш, дотоод сэтгэлийг амар амгалан байлгаж чадахгүй. Ер нь хүний дотоод сэтгэл амар амгалан байх нь эрүүл мэндэд ч ихээхэн тустай гэдгийг шинжлэх ухаан нотолчихлоо шүү дээ. Тиймээс та бурхны номонд сүжигтэй байх эсэх, хойд, урд төрөл байдаг гэдэгт итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран дотоод сэтгэлээ амар амгалан байлгах нь юу юунаас чухал.
Бусад бүх шашнаас илүү бурхны шашин дотоод сэтгэлийн амар амгалангийн тухай судалдаг, номлодог. Жишээ нь, хүн уураа яаж дарах вэ гэдэг аргыг өөртөө бий болгоход дээдийн ном их тус болно гэдгийг би байнга хэлдэг” хэмээгээд Дээрхийн гэгээнтэн зургаан минутын айлтгал-мэндчилгээгээ өндөрлөв.
Хөхөө өвлийн хүйтэнд Монголын сүсэгтэн олныг хүндэтгээд индэр дээр гарч ирж мэндчилсэн 83 настай Далай ламын цээж, гар нь ил, хүрэн бор ботинк, оймстой байгааг харсан ард түмэн ч түүнийг дахин чилээхийг бодолгүй, гүнээ хүндэтгэн хэд хурайлаад үдэж өглөө. Гэвч маш олон сүсэгтэн Дээрхийн гэгээнтнийг “Идгаачойнзинлин” дацанд лам хуврагуудад хоёр цаг гаруйн турш зарлиг сургаал айлдах хооронд гандангийн хашаанд тэвчээртэй хүлээн зогссоор байсан юм.
Далай ламыг машиндаа суугаад явахад нь баахан сүү цацан, хадгаараа далласнаар тэдний сэтгэл амрах шиг болсон. Өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадаа ч, дотор ч бас нэг иймэрхүү дүр зураг байсан гэсэн. Хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг хүндэтгэлгүй яах вэ. Гэхдээ энэ хүмүүсийн хэд нь Далай багшийн зорьж хэлсэн үгнээс сэтгэл оюундаа тунгаасан бол...
“Өнөөгийн монголчууд орчин цагийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, эрдэм мэдлэгт сайтар боловсорч, шинжлэх ухааны гайхалтай ололт амжилтын үр шимийг хүртэцгээж байна. Гэхдээ үүний хажуугаар дотоод сэтгэлдээ энэрэл нигүүслийн тухай байнга бодож байгаасай.
Гадаа хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч та бүхэн дотоод сэтгэлийн бүлээн дулаан уур амьсгалаа хадгалж, амар амгалан орших болтугай” хэмээн Дээрхийн гэгээнтэн Монголд ирэнгүүтээ мэндчилсэн. Яагаад энэ хүн дахин дахин ийм зүйл айлдаж буйн учрыг бид бодох л учиртай.