
“Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Бодлын хулгайч”, мөн 2017 онд үзэгчдэд хүргэх “Чингисийн хүүхдүүд” зэрэг киноны гүйцэтгэх продюсер болон зургийн найруулагч Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал болох “Оскар”-ын Гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаас нэг кино нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй академийн гишүүн болсон байна.
Ингэснээр Монгол Улс 2017 оны гуравдугаар сарын 15-наас “Оскар”-т кино нэр дэвшүүлэх эрхтэй болж байгаа юм. Мөн Д.Ангараг Америкийн продюсерийн холбооны гишүүн болох шалгуурыг хангажээ. Тэрбээр 2017 оны хоёрдугаар улиралд гишүүний батламжаа гардан авах гэнэ.
Д.Ангараг “2016-2018 онд 15-20 тэрбум төгрөг Монголын энтертайнмент зах зээлд эргэлдүүлэхээр бизнес төлөвлөгөө гаргаж байна. Энэ контентын бизнес төлөвлөгөөнд Монгол болон Холливудын санхүүгийн болон хуулийн компаниуд хамтран ажиллаж байна” хэмээв.
Дашрамд дурдахад, түүний “Хувьсал” продакшнтай хамтран бүтээсэн “Атганд үлдсэн эрдэнэ” киног 89 дэх “Оскар”-ын наадмын гадаад хэл дээрх кино номинацад нэр дэвшүүлж буй аж. Тэрбээр одоогоор “Pacific Rim” киноны хоёрдугаар анги болох “Pacific Rim: Maelstrom” киноны гүйцэтгэх продюсероор ажиллаж буй гэнэ.