
Улсын нийслэл Улаанбаатар хэмээх 5000 гаруй ам метр талбайтай том хот маань бүхэлдээ мөсөн гулгуурын талбай болчихож. Явган нь халтиран унаж, машинтай нь “мөлхөж” ГССҮТ-ийн үүдэнд ч гэмтэж бэртсэн хүмүүсийн урт дараалал үүсчээ. Өдөрт дунджаар 60 орчим хүн халтирч, бэртэн эмнэлэгт хандаж буй бол Замын цагдаагийн албанд өдөрт 500 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотод орсон цас энэ өвлийн 14 дэх удаагийнх. Энэ нь өмнөх өвлийн өдийд орсон цасны тоотой харьцуулахад олон бөгөөд үүний гурав нь их хэмжээтэй байв. Гэвч холбогдох газрууд, зам, талбайн 500 орчим үйлчлэгчдээ найдсаар хотыг мөсөн гулгуур болгочихлоо. Өчигдөр Улиастайгаас Офицеруудын ордон, Яармагаас Төв номын сан, Таван шараас Саппорогийн тойрог чиглэлийн автозам бүхэлдээ гялайж, машинууд “мөлхсөн”-ийг бүгд харлаа.
10.00 цаг орчимд Таван шараас III эмнэлэг орохын тулд автобусанд суусан иргэн н.Дашцэрэн 13.10 цагт зорьсон газраа хүрсэн бол 07.50 цагт Яармагаас хөдөлсөн автобус гурван цаг орчмын дараа МУБИС хүрчээ. “Хархорин” захын дэргэдээс 13.15 цагт хөдөлсөн манай сурвалжлах баг ч 15.50 цагт Урт цагааны орчимд байрлах редакцдаа очсон юм даг.
“Хархорин” захаас I хороолол хүртэлх явган хүний болон авто замын нуух (бордюр)-ны цасыг өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэж, хэсэг хэсгээр нь овоолжээ. Гэвч овоолсон цасыг ачиж амжаагүй байхад нь машинууд дайраад буцаагаад тараачихаж байлаа.
Зарим хэсэгт хашлагатай нь тэнцэхүйц мөс тогтжээ. Саппорогийн тойрог орчмын авто замын цас, мөсийг цэвэрлэж явсан Хот тохижилтын газрын зам, талбайн үйлчлэгч н.Энхжаргал “Бид амралтын өдрүүдэд шөнөжингөө ажилласан. Бидний ховхолсон мөс, шүүрдсэн цасыг тусгай машин ирж ачдаг. Энэ хэсгийг чухам яагаад ачихгүй байгааг сайн мэдэхгүй юм. Ачаалал ихтэй учраас боломж бүрдэхгүй байгаа болов уу. Бид өнөөдөр (өчигдөр) “Хархорин” зах хүртэлх замыг цэвэрлэнэ ” гэв.
Нэг үйлчлэгч 1.2 км талбайн цасыг цэвэрлэх үүрэгтэй ч өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн тэд нэгдэж, нэг чиглэлийн замаа цэвэрлэж буй аж. Тэд автозамд бодис цацсаны дараа цэвэрлэгээ хийдэг гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд Модны хоёр, 25 дугаар эмийн сангаас дээш өгсөх зам, Нарны гүүр, Чингүнжавын гудамж, Гурвалжингийн гүүр, Офицеруудын ордон, 32-ын тойрог, Нарны зам, Саппоро, Энхтайваны гүүр, Дарь-Эхийн уулзвар, Яармагийн зам, Нисэхийн тойрог, Чингисийн өргөн чөлөө зэрэг замд 11 тн бодис цацжээ.
Ингэхдээ тусгай зориулалтын бодис бус ихэвчлэн элс, давс л асгасан гэнэ. Гэвч элс, давс нь замын халтиргааг улам нэмэх хандлагатай гэдгийг учир мэдэх нэгэн ярив. Тэрбээр “Давс, элсийг тусгай бодистой холивол замын цас дорхноо хайлдаг.
Өнөө жил дан элс, давсыг дангаар нь цацаж байгаа. 35 хэм хүйтэн хоносон шөнө өнөөх элс, давс нь цастай барьцалдаад хөлддөг учраас хотын захын замд гулгаа үүсээд байна” гэж ярив. Дээрээс нь ажилчдынхаа цуглуулсан цасыг зөөх техник хэрэгсэл Хот тохижилтын газарт хангалттай байхгүй. Ихэнх машин нь давс, элс цацахад дайчлагдаж буй тул ачааны машин түрээсэлж эхэлжээ.
Орон сууцны хороолол, туслах замуудын цас, мөсийг дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний хэлтсүүд арилгах үүрэгтэй. Гэвч цэвэрлээгүйгээс нь болоод халтиргаа үүсчээ. Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн зүүн хэсэгт хүүхдүүд тэшиж унасаар. VI бичил хорооллын арк орчмын зам мөстсөн тул тэр хавьд жаахан л хурдалсан, тоормослосон машинууд шарваж байлаа.
Тус дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтнууд ГССҮТ-өөс III, IV хороолол руу өгсөх замд давс, элсээ цацаж байхтай таарч, өдөрт хэчнээн тонн бодис хэрэглэж буйг лавлахад “Ер нь дээрээс хэмнэлтийн горимд шилжүүлэх үүрэг өгсөн. Бид нарны гэрэл тусахгүй, налуу газруудад л давс, элсээ цацаж байгаа. Өнөө жил давсаа Увс аймгаас авсан гэсэн. Цас хайлуулахдаа жаахан муу, чанаргүй юм” гэж ярив.
Чингэлтэй дүүргийнхэн гэр хорооллын замууддаа элс, давс цацаж буй гэнэ. Харин төвийн замуудын цасыг хүрз, шүүрээр цэвэрлэж байна. Тус дүүргийн ТҮК-д ажилладаг Н.Тогтохцэрэн “Үйлчлэгч нарын цэвэрлэсэн цасыг бид зөөдөг. Нэг машин өдөрт 5-6 удаа явдаг” гэсэн юм. Ийнхүү цас, мөсийг бүрэн арилгаж чадаагүйгээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр “царцах” дөхөж байна.
Тухайлбал, Зүүнсалаанаас хотын төв рүү явдаг автобусыг иргэд цаг орчим хүлээжээ. 20-25 минут тутамд явах ёстой автобус хугацаанаасаа хоцорч буй шалтгааныг нийслэлийн Тээврийн газрынхан “Замын хөдөлгөөний ачааллаас үүдсэн. Мөн зарим компаниуд өвөлжилтийн бэлтгэлээ хангаагүйгээс болоод автобус нь эвдэрч байгаа. Зарим нь зам тээврийн осол гаргаж байна” хэмээн тайлбарласан.
Хоёр хоног орсон цас ийнхүү хотод бүхэлд нь түгшүүрийн улаан гэрэл асаачихлаа. Ирэх долоо хоногт мөн л цас орох төлөвтэй. Хэмнэлтийн горимоосоо татгалзаж, давс, элсээ цацахгүй бол Улаанбаатар дэлхийн хамгийн том мөсөн гулгуурын талбай болох нь.