
Шинэ жилээр эмнэлэгт хэвтэж буй 1000 хүүхдийг баярлуулна. Тодруулбал, "Бат гэрэлт үйлс" ТББ-ын санаачилгаар шинэ жилээр эмнэлэгт эмчлүүлж буй 1000 хүүхдийг дархлаа дэмжих эрүүл бэлгээр баярлуулах аян эхэллээ. Уг аян ирэх арванхоёрдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд алслагдсан дүүргүүдийн хүүхдийн эмнэлгүүдэд өвлийн өвгөн цасан охинтой өрнөх юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд нийт 1145 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хүүхдийн эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдэж орны тоо 2-3 дахин давж шалаар гудас дэвсэн хүндэрсэн өвчтэй хүүхдүүдээ хүлээн авдаг. Энэ байдал жилээс жилд л давтагддаг нь нууц биш. Харин эрүүл мэндийн сэтгүүлч, "Бат гэрэлт үйлс" ТББ-ын үүсгэн байгуулагч Ундрахын санаачлагаар эмнэлэгт эмчлүүлж буй 1000 хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор " Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд" 2016 аян зохион байгуулагдаж эхлээд байна. Уг аяны хүрээнд нийслэлийн алслагдсан дүүргүүдийн эмнэлгүүдэд 1000 бэлгийг өвлийн өвгөн цасан охины хамт тараах юм байна. Тэр дундаа гэр хорооллын иргэдийн хүүхдүүд голчлон хэвтэн эмчлүүлдэг эмнэлгүүдийг сонгожээ. Үүнд:
- СХД-ийн хүүхдийн эмнэлэг,
- БЗД-ийн хүүхдийн эмнэлэг,
- Хүүхдийн төв сувилал, ЭХЭМҮТ зэрэг багтсан байна.
Эрүүл дархлаа дэмжих бэлгэнд аарц, ааруул, тараг, хүүхдийн дархлаа дэмжих витамин амин дэмүүд, чацарганы шүүс, ундаа зэрэг эрүүл мэндийг нь дэмжих эко бүтээгдэхүүнүүд багтах юм байна. Эдгээрээс гадна 1000 хүүхдийн хөл гарыг дааруулахгүй байх үүднээс оймс бээлийг бас бэлгэндээ оруулахаар төлөвлөжээ.
Мөн хүүхэд багачуудын маань хувьд эмчилгээнээс бусад цагт эмнэлэгт хийх зүйл байдаггүй. энэ үүнийг бас бодолцож үлгэрийн ном, буддаг ном, IQ хөгжүүлэх тоглоом зэргийг бэлгэндээ багтаахыг хичээж байгаагаа аяныг санаачлагч Ундрах сэтгүүлч хэлсиймаа. Харин үндэсний үйлдвэрлэгчидээ болон хүүхдэд хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үйлдвэрлэдэг хувь хүн болон албан байгууллагуудыг аянд нэгдэж хамтран ажиллахыг урьж байгаа мөн дурьдлаа. "Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд" аянд нэгдэхийг хүсвэл та " Бат гэрэлт үйлс" ТББ гэсэн файсбүүк группт нэгдээрэй. Мөн 99106580 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. 1000 бяцхан зүрхийг догдлуудах Аяныг дэмжин " Оюуны дархлаа " ТББ хамтран зохион байгуулахаар болсон байна. Мөн эрүүл мэндийн сэтгүүлчдийн групп уг аянд нэгдэж байгаа.
