
Татварын ерөнхий газрын санаачлагаар Монгол улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн ажлын хэсгийн 42 дүгээр хуралдаан ТЕГ-ын байранд болж өнгөрөв.
ТЕГ болон УТОХГ-ын оролцоотойгоор зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнд Сангийн Яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчны яам, Авилгатай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Усны хэрэг эрхлэх газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна, “ Оюу толгой” ХХК, “Бороо голд” ХХК, Петро матад “ ХХК зэрэг 20 гаруй томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Хуралдааныг Монголын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн үндэсний зөвлөлийн гишүүн, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал удирдан явуулав.
Хуралдаанд Монгол улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн тайлангийн төслийг “Улаанбаатар аудит” корпорацийн ахлах аудитор Н.Эрдэнэцог, Их Британийн Харт Нойрс аудитын компанийн захирал Дэвид Куин, Монгол улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” –ын 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Монголын Олборлох үйлдвэрлэлийн компаниудын ашиг хүртэгч эздийг ил болгох, замын зураг хөтөлбөрийг УУХҮЯ-ны Уул уурхайн газрын ахлах мэргэжилтэн Д.Дамба нар тус тус танилцуулав.
Хэлэлцсэн асуудлын хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:
- Монгол улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ын 2015 оны нэгтгэл тайлангийн төсөлтэй танилцаж хангалттай гэж үзэв
- Монгол улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн 2015 оны нэгдсэн тайланг “ Үндэсний зөвлөлд танилцуулахад бэлтгэх нь зүйтэй.
- Хуралдааны явцад гишүүдээс гарсан саналыг “ Замын зураг”-ын төсөлд тусган боловсруулж, Үндэсний зөвлөлд танилцуулахыг ажлыг албанд үүрэг болгов
- Хуралдаан дээр гишүүдээс гарсан саналуудыг 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөлд нэгтгэн шинэчилж, Үндэсний зөвлөлд танилцуулахад бэлтгэхийг ОҮИТБС-ын ажлын албанд үүрэг болгосноор ээлжит хуралдаан өндөрлөв.
2002 оноос эхлэн хөгжингүй орнуудын үүсэл санаачлагаар “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” НҮБ-ын ивээл дор байгуулагдсан төр, олон нийтийн үүсэл санаачлагын байгууллага. Манай улс 2006 оноос эхлэн үйл ажиллагаанд нь албан ёсоор нэгдэн орсон ба, уг байгууллага нь өнөөдрийн байдлаар эгнээндээ дэлхийн 50 гаруй улс орнуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Монголын улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн даргаар Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, орлогч даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд С.Дашдорж, Нарийн бичгийн даргаар ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр нар томилогдон ажиллаж байна.